З.Тедеев: АНУ, Ираны дасгалжуулагч нартай барилдах юм бол бид бүгдийг нь ялна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев “Спорт экспресс” сонинд ярилцлага өгчээ.

Тедеев 20 жилийн өмнө шигшээ багийн дасгалжуулагч болсон. Түүний удирдлага дор ОХУ-ын баг 4 удаа олимпын наадамд (2004, 2008, 2016, 2021) тэргүүлж байлаа.
 


-Токиогийн олимпын үр дүнд ямар дүн тавих вэ?

-Хангалттай гэж үзнэ. Яагаад гэвэл тамирчид сайн оролцсон. Дасгалжуулагч нар багаа сайн бэлтгэсэн байлаа. Хүнд жингээс бусад нь медальтай ирсэн. Энэ бол 90 хувь нь гэсэн үг. Эрэгтэйчүүд багийн дүнгээр тэргүүлсэн. Манай чөлөөт бөхийн школ дэлхийд хамгийн шилдэг нь. Манай бэлтгэл хамгийн хүчтэй, манай багш нар хамгийн шилдэг. “Биднийг ялах баг ер нь байна уу” гэж би боддог юм. Манай дасгалжуулагч нар Америк, Ираны дасгалжуулагч нараас илүү. Одоо барилдуулах юм бол бид АНУ, Ираны дасгалжуулагчдыг будаа болгоно. Бид тамирчдаа “ОХУ хамгийн хүчтэй нь. Зөвхөн алтан медаль хэрэгтэй” гэж боддог болгодог. Мөнгө, хүрлийг бусад орныхон мөрөөдөг.

-Абдулрашид Садулаев хоёр дахь олимпдоо түрүүллээ. Тэр ер нь хэдэн олимпод түрүүлж чадах бол?

-Токиогийн олимпод хүмүүсийн анзаараагүй нэг юм байсан. 97 кг-ын жингийн финалын барилдааны өмнө ОХУ, АНУ улсууд тус бүр хоёр алт, хоёр хүрэлтэй байлаа. Садулаев олимпын аварга, Снайдер ч олимпын аварга. Энэ жинд хэн нь түрүүлснээр аль улс дэлхийд чөлөөт бөхөөр шилдэг нь вэ гэдэг тодрох ёстой байлаа. Садулаев ялж, бид шилдэг гэдгийг батлан харуулсан. Америкчууд чөлөөт бөхийн спортыг зохиосон ч бид илүү хүчтэй. Садулаевт Парист түрүүлэх нөөц бололцоо хангалттай бий.

-Садулаев Снайдерийг ялсны дараа би танаас “Садулаев 125 кг-ийн аварга Стивсонтой барилдвал яах бол” гэж асуухад та зовох юмгүй ялна гэж хариулсан. Тэр үед сэтгэлийн хөдлөлөөр хариулсан уу, эсвэл үнэхээр Садулаев ялна гэж бодож байгаа юу?

-Тэр үед сэтгэлийн хөдлөлөөр хариулсан. Гэхдээ бөхөд хүч чадлаас гадна толгой хэрэгтэй. Абдулрашид хүнд жингийнхнээс дутуугүй хүч чадалтай. Дээр нь техник нэмэгдэхээр Садулаев Стивсонд яасан ч ялагдахгүй.

-ОХУ-д хүнд жингийн бөх дутагдалтай байна. Садулаевыг хүнд жинд барилдуулж болохгүй юу?

-97 кг-ынхан дундаа Абдулрашид хамгийн жижиг нь шүү дээ. Тэгэхээр яаж 125 кг-д барилдах билээ дээ.
 


-Садулаев юугаараа онцгой юм бэ?

-Тэр хөдөлмөрч, ажилсаг. Хүчээр болиулахгүй бол бэлтгэл хийгээд л байна. Маш хариуцлагатай. Би түүнийг агуу тамирчин гэж үздэг.

-Тэр улам сайжрах боломжтой юу, эсвэл оргилдоо хүрчихсэн үү?

-Парисын олимпод түрүүлснийх нь дараа түүнийг оргилдоо хүрлээ гэж хэлж болно. Лопес, Сан Саныч Карелин, Бувайсар Сайтиев, Мавлет Батыров зэрэг домгууд бий. Тэдний түвшинд Садулаев хүрэх эсэхийг цаг хугацаа харуулна.

-Кайл Снайдер хүчтэй ч Садулаевыг хазайлгаж чадаагүй. Абдулрашид үнэхээр танк юм.

-Садулаев түүнийг ухаан, хурд, техникээр ялдаг. Хүч чадал бол Кайл илүү шүү дээ. Нэг жишээ хэлье. Аварга том бух байлаа гэж бодьё. Маш чадалтай. Гэхдээ малчин саваа мод бариад л түүнийг тууж чаддаг шүү дээ. Түүнтэй л адил.
 


-11 жилийн өмнө та ярилцлага өгөхдөө шигшээ багийн төсөв 1.5 сая ам.доллар гэж байсан. Одоо хэд байгаа вэ?

-Хоёр сая ам.доллар. Төсөв, санхүүг спорт холбоодод байгуулсан гавьяа, үр дүнгээр нь ангилж, шударга өгч баймаар байна. Зарим нэг спортын төрөлд... За за нэрлэхээ болье.

-Ямар төрөл гэдгийг (хөл бөмбөг) ойлгож байна.

-Тэнд ганц тамирчин л сая саяар нь авдаг. Манай 70 хүний төсвийг ганцаараа л авна. Чөлөөт бөхийн олимпын аварга сард 100 мянган рубль авдаг. Харин тэндхийн (хөл бөмбөгийн) тамирчин олигтой амжилт байхгүй, зүгээр үсрээд, гүйгээд л байдаг мөртлөө их цалинтай. Сэтгүүлчид тэдний хөл нь яасан ийснийг нь хэлэлцээд л. Бид ч тамирчдаа мэс засалд оруулдаг. Гэхдээ бид яриад байлгүй, чимээгүй л байдаг. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Чөлөөт бөхөд Олимп, дэлхийн аварга болсон тамирчинд Гавьяат тамирчин цол олгодог. Харин тэд аварга болох нь битгий хэл, эхний тавд ч ороогүй байж бас л Гавьяат тамирчин болно. Яалаа гэж тэдэнд Гавьяат өгч байгаа юм? Шударга байх хэрэгтэй.

-Та тэр үед сард 25 мянган рублийн цалинтай гэж ярьж байсан. Одоо?

-Цалин 130-140 мянган рубль.

-Та сэтгэл хангалуун байдаг уу?

-Би 100 мянгыг нь жолоочдоо цалин гээд өгдөг. Спортын бусад төрлийн дасгалжуулагч нар надаас хавьгүй их цалинтай.
 


-Фабио Капелло ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч байхдаа жилд 6 сая евро авдаг байлаа.

-Тэгээд ямар амжилт үзүүлэв. Юу ч байхгүй. Харин бидэнд бол амжилт, үр дүн байна. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа хүүхдүүд хэрэв олимп, дэлхийн аварга болбол мөнгөний асуудал байхгүй болно гэж боддог, итгэдэг байх хэрэгтэй байна. Орост чөлөөт бөхийн дасгалжуулагч багш нарыг огт тоодоггүй. Олимп, дэлхийн аварга төрүүллээ гээд тэдэнд юу ч өгдөггүй. Энэ бол маш аюултай. Бод л доо, сард 15-хан мянган рублийн цалинтай дасгалжуулагчид хэн итгэж хүүхдээ өгөх билээ. Би лав үгүй. Одоо ОХУ-д олимпын алтан медальтанд 56 мянган ам.долларын шагнал өгч байна. Гэтэл Гүрж  300 мянган доллар өгч байх жишээтэй. ЗХУ задарсны дараа Атлантагийн олимпод алтан медальд 120 мянган ам.доллар өгч байснаа одоо бүр доройтлоо. Амжилт гаргасан тамирчид, багш нараа үнэл л дээ. Нэг том компанийн эзэнд даалгачихад л дуртайяа хийнэ. Гадаадын улс их цалин амлахад манай тамирчин, багш нар яваад л өгдөг.

-Олимп, дэлхийн аварга биш жирийн бөх зөвхөн чөлөөт бөхөөрөө хангалуун амьдарч чадах уу?

-Амжилт үзүүлээгүй бол цалин байхгүй. Улсын шигшээ багт биш, Дагестан, Чеченийн багт байлаа гэхэд сард 10-15 мянган рубль авна. Хоолонд хүрэлцэхгүй байхад яаж бэлтгэл хийх билээ? Гэхдээ баян цатгалан тамирчин аварга болдоггүй юм.

-Цатгалан гэхээр?

-Цалинтай, идэх хоол ундтай, баян айлын хүүхэд гэсэн үг. Бүх аваргууд ядуу зүдүү гэрбүлээс гарсан байдаг. Яагаад гэвэл тэд амьдралаа өөрчлөх гэсэн хүсэл тэмүүлэлтэй.

-Баян айлын хүүхэд том амжилт үзүүлсэн жишээ байдаггүй юм уу?

-Би лав мэдэхгүй.

-Өлсгөлөн байх хэрэгтэй юм байна.

-Тиймээ. Дагестаны нэг дарга найз маань гэртээ уриад “Хүү минь чөлөөтөөр хичээллэдэг. Бие хаа сайтай. Амжилт гаргах болов уу” гэж асуулаа. Би шууд үгүй гэсэн. Нөгөөх “Яагаад? Би түүний төлөө бүхнийг хийнэ” гэж байна. Би “Яагаад гэвэл чи хөргөгчөө нээлээ, тэнд бүх юм байна. Харин хүсэл тэмүүлэл тэнд алга. Хэрэв танай хөргөгчинд юу ч байхгүй, хоосон байсан бол тэнд аварга болох хүсэл байх байлаа” гэж тайлбарласан.

-Өнгөрсөн олимпод манай тамирчдаас жин хэт хассан тохиолдол бий юу?

-Риод бол байсан. Якутын дэлхийн хошой аварга Виктор Лебедев байна. Тэр 200 грамм хасаж чадахгүй, их зовсон. Гүйж харайгаад, дээсэнд үсрээд ч бардаггүй. Тэгэхээр нь саунд хийгээд хаачихлаа. Нэлээд байсны дараа чив чимээгүй болчихоор нь гайхаад онгойлготол ухаан алдаад, хэлээ хазаад уначихсан байв. Гадаадын сэтгүүлчид “Оросууд медалийн төлөө хүн алах нь” гэж бичиж байлаа. Дээр үед нэг иран тамирчин 100 грамм хасаж чаддаггүй, жин үзэлт дөхөөд л байдаг. Гэтэл дасгалжуулагч нь хамар луу нь цохиод авлаа. Цус гоожоод л тамирчин жиндээ орж байлаа. Бүр ДАШТ-ээс хүрэл медаль авсан.   
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соль (66.181.180.91) 2021 оны 10 сарын 16

Манайхан чечень дагестанаас багш авч залуусыг сургах хэрэгтэй .тэнд дэлхий олимпийн аваргууд усаа түрээд хоорондоо мэнд асуугаад ахлаж явдаг .манайд бэлтгэл хийлгэдэг багш бхгүй .тамирчдаасаа бага цолтой бас чадвар муу .үгэнд нь ордоггүй .

1  |  2
Хулгар чихт(150.129.143.87) 2021 оны 10 сарын 14

Жамболат Тедеев гэгч Монголын чөлөөтийхнийг дорд үздэг хүн дээ,тэрийгээ ч нуухгүй М.Мамиашвили ч ялгаагүй

0  |  0
1(192.82.68.176) 2021 оны 10 сарын 14

Андуураад байна. Э.Тедеев чинь шал өөр хүн.

0  |  2
Нутгийн (202.126.88.154) 2021 оны 10 сарын 15

Лут шүү. Манай дасгалжуулагч нар энэ хүнээс суралцах хэрэгтэй

1  |  0
Бөк(64.119.24.217) 2021 оны 10 сарын 15

Хариуцсан ажлаа арга үгүй сайн гүйцэтгэсэн. Бүх хүнд үүрэгт ажлаа хийж чадахгүй болох нэг өдөр ирдэг.

1  |  0
э(202.126.88.163) 2021 оны 10 сарын 14

элбрусь тэдэeв гж дэлхийн аврага бий тэр эгэ хүн юмуу

0  |  1
хэхэ(202.179.26.118) 2021 оны 10 сарын 15

оростоо багтаж шингэхгүй украйны нэр дээр барилдаж байсан гөлөгний угаадас нь ихдээд их зантай болсон гэж

2  |  3
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 15

Дасгалжуулагч нар нь барилдана гэнэ шуу, тэгвэл манай тайчигчид естой алуулаад дуусах байх даа кк

0  |  4
Top