“КАТАР-2022”-ыг зорих багууд тодорсоор…

Админ | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-нд Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд оролцох багууд тодорч эхэллээ.

“FIFA WORLD CUP QATAR-2022” -ийн урьдчилсан тэмцээнд ФИФА-ийн гишүүн 210 орон анх удаагаа бүгд оролцсон бөгөөд хамгийн анхны тоглолтод манай Монголын шигшээ баг Брунейн шигшээг 2:0-ээр хожсоныг дурсахад таатай.

“КАТАР-2022” -д урьдчилсан тэмцээнээс шалгарсан 6 бүсийн 32 орны шигшээ баг оролцох бөгөөд анхны тодорхой болсон баг бол мэдээж зохион байгуулагч орон Катарын шигшээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-д хэзээ ч орж байгаагүй баг уг тэмцээний зохион байгуулагч болж буй анхны тохиолдол нь Катар. Мөн анхны гэсэн нилээн олон тодотгол “Катар-2022”-ыг дагана.

Тухайлбал Арабын ертөнцөд болох анхны, мусульман шашинтан хүн ам давамгайлсан оронд болох анхны, 11-12 дугаар сард болох анхны ДАШТ болно.

Бас сүүлчийн 32 баг оролцох ДАШТ, Криштиана Роналду, Месси, Неймар нарын супер оддын оролцох сүүлчийн ДАШТ ч болж магадгүй юм.

Олон олон онцлогтой “Катар -2022”-д оролцох урьдчилсан тэмцээнээс эрхээ авсан анхны баг нь Герман, араас нь Дани тодорлоо, энэ долоо хоногт.

11 дүгээр сард өндөрлөх Европын бүсийн урьдчилсан тэмцээний дараа дахиад найман багийн нэр тодорхой болно.

Ингээд “Катар-2022”-ын урьдчилсан тэмцээний явц, аль бүсээс хэдэн баг оролцох талаар товч сонирхуулья.

ЕВРОП:(13 эрх)

УЕФА-ийн гишүүн 55 орон 10 хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглож буй. Хэсгээсээ нэгээр шалгарсан багууд буюу 10 баг Катарыг зорих эрхээ шууд авна. Харин хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 10 баг дээр “Үндэстний лиг”-ээс 2 баг нэмэгдэж нийт 12 баг сугалаагаар хасагдах журмаар( 2 тоглолт) 3 эрхийн өрсөлдөх юм.

Хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд үнэхээр үзүүштэй болохоор байгаа.

“А” хэсэг:

Хүснэгтийг 7 тоглож 17 оноотой яваа Серб тэргүүлж буй ч Катарыг зорих шууд эрхийг Португал авах боломж илүү. Учир “КР7” ба түүний нөхдүүд 6 тоглож,16 оноотой байгаа. Португалчууд 11.11-нд Ирландад зочлон тоглох ба харин 11.14-нд  өөрийн талбайд Сербийг хүлээн авах юм. Энэ тоглолт бүхнийг шийдэх бөгөөд хэн хожсон нь Катарыг зорих бөгөөд хэрэв тэнцвэл Португал эрхээ өвөртөлж, Серб плей-офф руу очино.

“В” хэсэг:

Швед 15, Испани 13, Грек 9 оноотой буюу эхний хоёрт бичигдэх боломжтой байгаа. Аль аль багт хоёр тоглолт дутуу.

11.11-нд Грек-Испани, Гүрж-Швед

11.14-нд Испани-Швед, Грек-Косово гэсэн тоглолтууд энэ хэсгийн хувь заяаг шийднэ.

“С” хэсэг:

Итали, Швейцарь хоёр адилхан 6 тойргийн дараа 14 оноотой.

11.12-нд Итали талбайдаа Швейцарьтай тоглох тоглолт нэг, хоёрдугаарт аль баг бичигдэхийг шийдэхэд онцгой үүрэгтэй.

“D” хэсэг:

Франц, Украин, Финланд, Босни ба Херцеговина  гэсэн багуудад боломж бий. Ганцхан Казахстан ямар ч найдлагаггүй болсон.

Украинд ганц, бусдад нь хоёр тоглолт дутуу. Франц 12, Украин 9, Финланд 8, Босни 7 оноотой байгаа.

11.13-нд Босни-Финланд, Франц-Казахстан

11.16-нд Финланд-Франц, Босни-Украин тоглоно.

Франц Казахстаныг хожиход эрхээ шууд авна.

Финландын Теему Пукки  саяны тойрогт Казахстанд хоёр гоол хийснээр 33 гоолоор Финландын бүх цаг үеийн шилдэг довтлогчийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Алдарт Яри Литманен 32 гоолоор энэ рекордыг эзэмшиж байсан билээ.

“ Е” хэсэг:

Бельги 6 тоглолт , 16 оноо, Чех 7 тоглолт, 11 оноо, Уэльс 6 тоглолт 11 оноотой.

Бельги 11.13-нд талбайдаа Эстонийг хожиход л Катарын тасалбар бэлэн болно.

Харин Уэльс-Болгар,

11.16-нд Уэльс-Бельги, Чех-Эстони плей-оффт хэн өрсөлдөхийг тодорхой болгоно доо.

“F” хэсэг:

Энэ хэсгээс Дани эрхээ авчихсан. Тэд найм тоглохдоо найм ялж, 27 гоол оруулж, хаалгандаа ганц ч гоол алдаагүй гайхалтай амжилт үзүүлсэн.

Плей-оффт энэ хэсгээс Шотланд (17 оноотой) хамгийн өндөр магадлалтай. Тэд 11.12-нд Молдавыг талбайд нь хожиход л плей-офф баталгаатай болно.

Мөн 13 оноотой Израйль, 10 оноотой Австрид ч  плей-оффт орох маш бага ч гэсэн магадлал бий.

11.12 Молдав-Шотланд, Австри-Израйль

11.15 Израйль-Фарер, Австри-Молдав, Шотланд-Дани

“G” хэсэг:

8 тоглолтын дараа Холланд 19, Норвеги 17, Турк 15 оноотой.

Холланд Черногорийг хожоод Норвегитэй тэнцэхэд л эрхээ шууд авна. Норвеги мэдээж үлдсэн хоёр тоглолтод хоёуланд нь хожвол Катарыг зорино. Турк хоёр хожихоос гадна, Холланд хоёр хожигдож, Норвеги аль нэг тоглолтдоо хожигдвол ДАШТ-д оролцох боломж нээгдэнэ.Тэгэхээр магадлал тун бага юм.

11.13 -нд Турк-Гибралтар, Норвеги-Латви, Черногор -Холланд

11.16-нд Холланд-Норвеги, Черногор-Турк

“H” хэсэг:

Энэ хэсэгт 8 тойргийн дараа ОХУ 19, Хорват 17 оноотой, багадаа л плей-оффт баттай үлдэхээр байгаа.

11.11-нд ОХУ-Кипр, Мальт-Хорват . Онцгой зүйл болохгүй л бол ОХУ ч, Хорват  ч тэр хожих байх.

Тэгэхээр бүх зүйл 11.14-нд болох Хорват -ОХУ-ын тоглолтын дараа тодорхой болно. Киприйг хожоод  Хорваттай тэнцэхэд л Оросууд ДАШТ-д оролцох эрхээ авна.

“I” хэсэг:

Найман тойргийн дараа Англи 20, Польш 17, Албани 15 оноотой яваа.

11.12-нд Албани-Англи, Андорра-Польш

11.15-нд Сан Марино-Англи, Польш-Унгар, Албани-Андорра тоглоно.

Англи эрхээ шуул аваад, Польш плей-офф рүү тоглох магадлал маш өндөр.

“J” хэсэг:

Герман энэ хэсгээс хэдийнээ “тийзээ” авсан. Плей-оффын эрхийн төлөө Румын 13 оноотой, Умард Македон, Армен хоёр 12 оноотой , тус тус хоёр тоглолт дутуу байгаа.

11.11-нд Армен-У.Македон, Румын-Исланд

11.14-нд У.Македон-Исланд, Лихтенштэйн-Румын, Армен-Герман.

Румыний шигшээд “Карпатын Марадона” хэмээн алдаршсан , нэрт тоглогч Георги Хажигийн хүү Янис Хажи тоглож байгаа бөгөөд тоглохоор барахгүй Германы хаалганд гоол оруулж харагдсан шүү.

ӨМНӨД АМЕРИК:(4+0.5 эрх)

Өмнөд Америкийн 10 баг уламжлал ёсоор тойргийн журмаар (18 тоглолт) тоглоно.

Эхний дөрвөн байр эзэлсэн баг шууд Катарыг зорих эрх авч, тав дахь баг өөр тивийн багтай нэмэлт плей-оффын тоглолт хийнэ.

Одоогоор Бразил 9 хожил, 1 тэнцээтэй, хожигдолгүй 28 оноогоор тэргүүлж, Аргентин 6 хожил , 4 тэнцээтэй 22 оноотой удаалж, Эквадор 16, Уругвай 16 , Колумб 15 оноотой эхний тавд явна.

Бразил, Аргентин хоёр ч нэг их тэвдэлгүй эрхээ авчих байх. Үлдсэн хоёр эрхийн төлөө жинхэнэ ширүүн өрсөлдөөн өрнөнө.

Чили, Перу, Парагвай гээд бүгд л жигдхэн багууд байгаа даа.

АЗИ:( 4 + 0.5 эрх, Катарыг тооцохгүйгээр)

Ази тивийн урьдчилсан тэмцээний 3 дахь шат үргэлжилж байгаа. 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож буй.

4 тойргийн дараа “А”  хэсэгт  Иран 10, БНСУ 8, Ливан 5 , АНЭУ 3, , Ирак 3, Сири 1 оноотой

“В”

Саудын Араб 12, Австрали 9, Оман 6, Япон 6, БНХАУ 3, Вьетнам 0 оноотой явна.

Хэсэг тус бүрт эхний хоёр байр эзэлсэн багууд( 4 баг) Катар явах эрхээ шууд авч, хэсэгтээ гуравт бичигдсэн хоёр баг хоорондо халз ( 2 тоглолт) тоглон, ялагч нь тив хоорондын плей-оффт тоглох эрх авах юм.

ХОЙД АМЕРИК:( 3 +0.5 эрх)

Хойд Америк болон Карибын тэнгисийн орнуудын бүсийн 3 шатны тэмцээн үргэлжилж байна. 8 баг тойргийн журмаар өрсөлдөж, эхний гурван байр эзэлсэн нь ДАШТ-ийг шууд зорих эрхтэй болно. Харин 4 дүгээр байр эзэлсэн баг тив хоорондын плей-оффын эрх авна.

Таван тойрог тоглосны дараа Мексик 11, АНУ , Панама 8, Канад 7, Коста Рика 6, Сальвадор 5, Хондурас 3, Ямайка 2 оноотой явна.

АФРИК:( 5 эрх)

Хоёрдугаар шатанд 40 баг 10 хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг бүртээ тэргүүлсэн нийт 10 баг сугалаагаар 5 хос болон халз тоглож( 2 тоглолт) ялсан багууд (5 баг) Катарыг зорих юм.

ДАЛАЙН ОРНУУД:( 0.5 эрх)

Далайн бүсийн 11 орны баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож, хэсэг бүрээс шалгарсан хоёр, нийт 4 баг хоёрдугаар шатанд хасагдах журмаар( 2 тоглолт) тоглон ялагч цорын ганц баг тив хоорондын плей-оффт оролцох форматаар тоглоно. Одоогоор нэг ч тоглолт явагдаагүй байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top