Эрхүү хотынхон Евгений Жербаевт байр авч өгөхөөр мөнгө цуглуулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Буриад бөх Евгений Жербаев Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д хүрэл медаль хүртсэн билээ. Хамгийн сүүлд буриад бөх дэлхийн аваргаас медаль хүртсэн нь алс холын 1993 он. Буриадад олон жилийн дараа дэлхийн медаль авчирсан Жербаевт дуу зохион, угтан авсан билээ. Жербаев ОХУ-ын Эрхүү мужийн Усть-Ордын буриад тойргийн Нγхэдэй аймагт төрсөн, өөрөөр хэлбэл Эрхүү мужийн уугуул хүн юм. Жербаев ОХУ-ын УАШТ-д Буриад болон Эрхүүгийн нэрийн өмнөөс барилддаг. Түүний авсан дэлхий медаль Эрхүүгийнхний хувьд 10 жилийн дараах дэлхийн медаль болж таарчээ. Ингээд Эрхүү хотынхон Евгений Жербаевт байр авч өгөхөөр “Энэ гавьяаг үнэлэх ёстой” гэсэн хандивын аян зохион байгуулж эхэлжээ.

Саяхан Жербаевыг Нүхэдэй аймагт хүлээн авч, Эрхүү хотын чөлөөт бөхийн холбооноос уран зураг бэлэглэсэн юм. Мөн энэ өдөр төрөлх Куйта тосгонд нь бөхийн клуб байгуулжээ.

Буриадын Ариг ус телевиз Евгений Жербаевтай уулзан ярилцсан байна.

-Таныг орон сууцаар шагнахаар хандивын аян зохион байгуулж байна.

-Манай нутгийнхан, Эрхүү муж, Эрхүүгийн чөлөөт бөхийн холбоо, Байкал-Арена клуб зохион байгуулж байгаа гэсэн. Намайг дэмжиж байгаад би их баяртай байгаа. Цаашдаа улам хичээж, сайн барилдах хөшүүрэг болж өгнө.

-Шаардлагатай мөнгө цуглараад танд гардуулахад юунд зарцуулах вэ?

-Надад одоо машин, байр байхгүй. Аль алийг нь авахыг хүсэж байгаа ч гол нь байрны асуудлаа шийдэх нь чухал.

-Та Буриадын багт барилддаг ч Эрхүү хотынхон байр авч өгөх боллоо. Гомдолтой санагдахгүй байна уу?

-Үгүй дээ. Буриадын Засгийн газраас тусламж үзүүлнэ гэж бодож байна. Тэнд миний ар гэрийн асуудлыг мэдэж байгаа. Харин Эрхүүчүүд бол нэг нутгийнхан. Тэд ч гэсэн надад туслахыг бодож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top