МҮХАҮТ, “Монгол нүүрс” ассосиаци хамтран “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Гэрээний биш жишиг үнээр татварыг тооцох болсон нь олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Ганц нүүрсний салбарт бус бусад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ч жишиг үнэ гэж том сорилт бий болоод байна. Ковидын дараах эдийн засаг буюу шинэ сэргэлтийг ярьж байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага тулгарч байна. Бидэнд маш том сорилтууд байна. Эрэлт хэрэгцээ өсөөд байдаг, бид ковидын улмаас нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд хийж чадахгүй, дотооддоо зардал өсчихөөд байгаа. Ийм үед АМНАТ тооцно гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд томоохон зардлыг бий болгож, буцаад үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл дагуулна” гэв.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийн хүрээнд Сангийн яам сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоосны улмаас нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна” гэв.
Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу 2021 оны долоодугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон бөгөөд компаниуд үндэслэлгүй татвар төлөхөд хүрч, Татварын ерөнхий хуульд заасан шударга, үр ашигтай байх зарчим алдагдлаа гэж дээрх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үзэж байна. Үүнтэй холбогдуулан нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өнөөдрийн хэлэлцүүлгээр хамтарсан шаардлага гаргаж Сангийн яаманд хүргүүллээ.
Шаардлагад:
• Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэсний “6 дахь хэсгийг” гэснийг хүчингүй болгох,
• Монгол Улсын Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 196/А-266 хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргах тал дээр анхаарч ажиллахыг шаардах,
• Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны 3, 4 дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг асуудлыг тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )