Оюутолгойн хөрөнгө оруулагчид буулт хийж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

-ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСЭГ 1.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР ТЭГЛЭХ САНАЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ-

­­­­Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компаниудын удирдлага Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт гурван санал бүхий захидал ирүүлжээ.

Захидалд Оюутолгой  төсөлд Монголын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувьд ногдох өр төлбөрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларын өр тэглэх санал багтсан байна. Одоогоор Монголын талын 34 хувийн хувьцаанд ногдох өр төлбөр 2.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан энэ өр хуримтлагдсаар 2050 гэхэд 22 тэрбум ам.доллар болж өснө. Монгол Улс уг төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа хойшилно гэдэг тооцоо танилцуулж байлаа.

Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулагч тал үүний 70 хувийг хааж, Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Засгийн газрын хэлэлцээрийн ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо өчигдөр захидлын энэхүү агуулгыг баталгаажуулсан. Тэрбээр “Тийм санал байсан. Бид тодорхой саналыг нухацтай судална. Засгийн газрын Ажлын хэсэг санхүүгийн зөвлөх компаниудтай хамтарч ажиллаж байна. Бид ирүүлсэн санал нь үнэхээр Монгол Улсад ашигтай эсэхийг нухацтай судалж байж хариулт өгөх болно. “Оюутолгой” компани өнөөдөр маш их өрийн дарамттай байна. Нийт 12 тэрбум ам.долларын өртэй байгаа нь энэ компанийн мөнгөн урсгал, орлогыг зээлийн хүүнд зарцуулахад хүрсэн байгаа. "Туркойс Хилл Ресурс" компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээл одоогийн байдлаар найман тэрбум ам.доллар байгаа. Жилийн найман орчим хувийн хүүтэй зээл компанийн ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа.  Ер нь "Оюутолгой" төслөөс ирэх үр өгөөжийг сайжруулахад асуудлыг цогцоор харах шаардлагатай байгаа” гэжээ. Хөрөнгө оруулагч талаас санал болгосон энэхүү 1.6 тэрбум ам.доллар нь Монголын Засгийн газар 2012-2013 онд олон улсын зах зээл дээр гаргасан "Чингис" бондын хэмжээнээс ч давж буй.

Өнөөгийн ханшаар таван их наяд монгол төгрөг болно. Үүний өмнө ”Рио тинто”, “Туркойс хилл ресурс” компаниудаас Засгийн газрын ажлын хэсэгт  "Оюу толгой" компанид эзэмшдэг манай 34 хувьд ногдох зээлийн хүүг бууруулж, зээлийн хэмжээг багасгах саналаа ирүүлж байсан юм.Монгол Улсын Засгийн газар анх 2009 онд “Рио тинто” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Тухайн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмших болсон. Улмаар эзэмшлийн хувь хэмжээндээ ногдох хөрөнгийг гаргах шаардлага үүссэн байдаг. Тиймээс “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компаниудын хамтран төслийн санжүүжилтээ зээлээр шийдвэрлэж ирсэн юм.

Хөрөнгө оруулагч талаас тавьсан дараагийн санал бол Монголын Засгийн газрын ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох явдал. Энэ асуудал  өмнө нь ч яригдаж байсан бөгөөд хөрөнгө оруулагч тал нэг их наяд төгрөгийг гурван жилийн хугацаанд төлөх замаар Монголын Засгийн газар дэмжлэг үзүүлэх санал ирүүлсэн удаатай.  Захидалд мөн менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах санал багтсан байна. Одоогоор хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурван хувь, хөрөнгөнөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч байгаа юм. Үүнийг үе шаттай бууруулснаар Монголын талд ирэх өгөөж өсөх учиртай.

Энэ нь Засгийн газрын ажлын хэсгийнхний удаан хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүн бөгөөд  анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт болон хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээч томилох саналыг гаргасан байдаг. Хөрөнгө оруулагчид энэ саналыг удаан хугацаанд хүлээн авахаас цааргалж, татгалзсаар ирсэн. Гэвч Монголын талаас удаа дараа шаардлага тавьсны эцэст ТУЗ-өөс хөндлөнгийн хараат бус шинжээчдийг томилох шийдвэр гарсан юм. Үүний дагуу томилогдож ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр  Оюутолгойн  гүний уурхайн зардлын хэтрэлт болон хугацаа хойшилсон явдал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэдэг нь тогтоогдсон юм. Тэгвэл “Туркойз хилл ресурс”, “Рио тинто” компаниуд энэ удаагийн захидалдаа далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй гэдгийг ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо хэлжээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(64.119.20.75) 2021 оны 10 сарын 28

oyutolgoi gej baihgui e tarsan shdee.

0  |  0
irgen(64.119.20.75) 2021 оны 10 сарын 28

oyu tolgoi gej baihgui ee. jinhen ezen oyu tolgoi ged yarihgui baihad l neg muu hulih hudlaa said yund ahuni omnos medegdel higel hulahilah geed baigamuu.

0  |  0
Иргэн(202.9.46.106) 2021 оны 10 сарын 27

34,,%-г ЗЭЭЛЭЭР БИШ , ЯМАРЧ ХҮҮГҮЙ ШУУД АВАХ ЁСТОЙ

1  |  0
Зангараг(202.179.27.114) 2021 оны 10 сарын 27

Бид баялгаа гаргасан учир 34% д аа зээлийн өрөнд орох ёсгүй. Тийм болохоор зээлийн асуудлыг 100 % чөлөөлүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын 2009 оны гэрээ авилгалаар иийгдсэнийг баталгаажуулж тэр үеийн Засгийн газрын хэн хэнл авилгал ямар хэмжээгээр өгснийг тодруулах, тэр үиеийн УИХ ын гишүүдэд яг хэдийг авилгалд өгснийг нь энэ далимаар тодорхойлуулж авах ёстой. Цаашдаа өнгөрсөн 10 жилд хөрөнгө оруулалтын зардлаа Монголын баялгийг зарж бүрэн нөхөж чадсан байхёстой тул энэ оноос эхлэн 34% д ноогдох ашгаа хүртэнэ гэж давшилт хийх хэрэгтэй угаасаа бодит байдал тийм шүү. Олигтойхон эзэн хүн шиг бай

2  |  0
Энжи(103.57.95.20) 2021 оны 10 сарын 27

1.6 тэрбум $ онколдуулах нь дээ.Онколдчихоод бид 1.6 Тэрбум $ хэмнэсэн гээд МАН реклам хийчихэж. Мулгуу ардууд Оюуэрдэнэ гавъяа байгуулсан гээд итгэнэ.Херо БААТАР нь сайхан найруулна

1  |  1
Top