Барса Роналд Куманаас саллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Өчигдөр шөнө болсон Испанийн Ла лигийн тоглолтод Райо Вальеканод 0:1 ялагдсаныхаа дараа Барселона багийн удирдлагаас ахлах дасгалжуулагч Роналд Куманыг халснаа зарлалаа. Өнгөрсөн тойрогт Барса талбай дээрээ Мадридын Реалд 1:2 ялагдсан. Одоо лигийн 9 дүгээр байрт бичигдэж байгаа. Аваргуудын лигт ч амжилт таархуухан хэсэгтэй дөнгөж 3-р байрт байгаа учир голланд мэргэжилтэнг халах шалтгаан хангалттай байсан. Харин ч удаан тэссэний эцэст салахаар боллоо.

• Куман Барсад 13 сарын өмнө ерөнхийлөгч Бартомеугийн үед ирсэн. Эхний улиралдаа Испанийн Цомд түрүүлсэн ч Аваргуудын лигийн 1/8 финалд ялагдаж, Ла лигт 3-р байр эзэлсэн. Том тоглолтуудад бараг ялаагүй төдийгүй Куман тоглогчидтой харилцаж чадахгүй, дайсан ихтэй болсон байв. Утсаар хэдхэн секунд яриад л Луис Суаресаас салсан. Пьянич багаас гарсан хойноо ч гомдол нь тасраагүй. Тэр саяхан Куманыг халахыг уриалсан постонд лайк дарсан байв. .

• Куманыг халах яриа өнгөрсөн зургаадугаар сард гарсан. Лапорта шинэ дасгалжуулагч хайгаад 14-21 хоногт олдохгүй бол Куманыг үлдээнэ гэсэн нь Куманы дургүйг хүргэсэн. Лапорта, Куман хоёр есдүгээр сард хэвлэлээр дамжуулан дайтсан. Халах гэхээр 13 сая евро төлөх гэрээний заалттай тул баг Куманыг тэссээр байсан юм.  

• Харин багийн фэнүүд Куманыг үтэр түргэн зайлуулахыг шаардсаар байлаа. Месси явсан, энэ улирлын эхлэлд барса олон ялагдсан тул тэд гол бурууг Куманд өгсөн юм. Реалд ялагдсаны дараа балиашгууд түүний машиныг бүсэлж, юм шидэн, зайлахыг шаардаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top