Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Японы Китакюшю хотноо уран сайханы гимнастикийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 1963 оноос эхлэн зохиогдсон энэхүү тэмцээнд энэ жил 47 орны 180 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хувийн цагариг, бөмбөгтэй дасгалд, хоёр дахь өдөр тууз болон булавтай дасгалд медалийн эзэд тодорлоо.
ОХУ-ын гимнастикч Дина Аверина цагариг, бөмбөг, булавтай дасгалд алт, туузтай дасгалд мөнгөн медаль хүртсэн бол түүний ихэр Арина Аверина бөмбөг болон цагаригтай дасгалд мөнгө, туузтай дасгалд хүрэл медаль хүртлээ.
Туузтай дасгалд Беларусийн Алина Горносько аварга болсон бөгөөд тэрбээр цагаригт мөнгө,бөмбөгтэй дасгалд хүрэл хүртэв.
Туузтай дасгалд ихрүүдийн дасгалжуулагч Ирина Винер протест өгсөн ч орос охидын оноо өөрчлөгдсөнгүй. Хэрэв Дина туузтай дасгалд түрүүлсэн бол ДАШТ-ий 17 алтан медаль зүүсэн Евгения Канаевагийн түүхэн рекорд эвдэгдэх байв.
Гэхдээ нөгөөдөр болох хувийн олон төрөлтөд түрүүлбэл Аверина Канаевагийн амжилттай зэрэгцэх юм.
Динад одоогоор ДАШТ-ий 16 алт, 3 мөнгө, 1 хүрэл, харин Аринад 4 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль бий.
P.S. 2019 онд Азербайжаны Бакуд болсон ДАШТ-д Монголын уран сайханы гимнастикийн баг ( Х.Ундрам, Ц.Саруул )анх удаагаа оролцож байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )