Өнөөдөр Сүмогийн холбооноос гаргасан банцүкэд манай бөх Кирибаяма барууны комүсүбид бичигдлээ. Анх удаагаа санякү болсон түүнтэй сэтгүүлчид онлайнаар ярилцжээ.
-Комүсүби болсон сэтгэгдлээ хуваалцаач.
-Өглөө сонссоноосоо хойш маш их баяртай байгаа.
-Анх сүмод орж байхдаа комүсүби цолны талаар бодож байсан уу?
-Маш хол байгаа зүйл мэт санагддаг байлаа. Энэ цолыг авсандаа их баярлаж байна.
-Өдий хүртэл ирсэн зам харгуйгаа эргэн дурсвал?
-Хүнд хэцүү үе таарч байсан ч тэвчсээр даван туулсандаа баяртай байдаг. Монголдоо харья гэж маш олон удаа бодож байсан даа. Ер нь чадахгүй юм байна гэж няцах үе ч байсан. Анх ирж байхад бүх юм хэцүү байсан. Сүмод орж байхад аав, ээж хамт ирж байлаа. Тэднийг Монголдоо буцахад нь дагаад харимаар санагдаад л. Гэхдээ дотроо нэгэнт сүмо бөх болсных зүтгэнэ гэж бодсон. Их удсан мэт санагдаж байна. Илүү хурдан дэвшихийг хүссэн ч гэмтэл бэртэл бас байсан.
-Ямар гэмтэл хэцүү байв?
-Өвдгөө гэмтээгээд нэг башё барилдаагүй.
-Комүсүби цол хүртэж чадлаа.
-Бэлтгэлээ сайн хийгээд багшийнхаа хэлсэн үг, сургаалийг дагаж явсны ачаар энэ цолонд хүрж чадлаа.
-Хэзээнээс өөртөө итгэлтэй болов?
-Өнгөрсөн тэмцээнд хоёр озэкиг даваад итгэлтэй болсон. Яг өөрийнхөөрөө барилдаад ялсан болохоор их баярласан.
-Бие хаа ч том болж байна шүү.
-Тиймээ, жин нэмсэн. Бэлтгэл хийнгээ бие хаагаа чангалж байгаа. Их иддэггүй ч гэсэн жин нэмэхээр барилдаан хүртэл өөр болсон. Одоо 142, 143 кг орчим байгаа. 145 кг байхад болно гэж боддог.
-Нэлээд цаг зарж, удаан барилдаж байгаа харагдах юм.
-Мэдээж хурдан түргэн ялахыг хүсдэг ч яагаад ч юм уддаг. Гэхдээ эцсийн мөч хүртэл тэсэж, тэвчиж байж ялсан ялалт илүү амттай байдаг. Сүртэй тэсвэр хатуужилтай болохоор удаан барилдаад байгаа хэрэг биш ч сэтгэл зүйгээр ялагдахгүйг хичээдэг.
-Ирэх тэмцээний эхний өдрөөс л томчуудтай барилдана.
-Эхний өдрөөс л өөрийнхөөрөө барилдаж, 15 хоног хичээх болно. Ёкозүнатай барилдахдаа ч ялах, ялагдах хамаагүй өөрийнхөөрөө л барилдана.
-Кюүшюү башёд ямар зорилго тавьж байна?
-Дээр хэлсэнчлэн яг өөрийнхөөрөө барилдаад 50 хувийн амжилт үзүүлэх.
-Какүрюү ояката ямар нэг зөвлөгөө өгсөн үү?
-Тачиай дээр зайлалгүй, эгц мөргөлд гэж хэлдэг. Ялангуяа том цолтнуудтай барилдахдаа.
-Мичинокү ояката?
-Бэлтгэлээ улам сайн хийхгүй бол цолоо алдана шүү гэж анхааруулсан. Би ч гэсэн дотроо тэгэж бодож байгаа.
-Цол ахих талаар?
-Анх сүмод орж байхдаа Ёкозүна болох хүсэлтэй гэж хэлж байлаа. Гэхдээ цол гэдэг дараалал, журамтай. Эхлээд сэкивакэ цолны төлөө зүтгэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ залууг хол явна гэж харж дэмждэг. Гэмтэл бэртэлгүй байж олон жил сайн барилдахыг хүсье.
Сайн залуу. Сайн бөх. Цолоо ахиулна