Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо байгуулагдаад хоёр жил орчим болж байна. Тус холбоо өнөөдөр Олимпик хауст Монголын дасгалжуулагч, багш нарын цахим чуулганыг зохион байгууллаа. Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 70 гаруй багш дасгалжуулагч оролцов.
Чуулганаар холбооны зүгээс хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, холбооны бүтэц, дүрмийн талаар хэлэлцлээ. Улмаар төлөөлөгчдөөс дэвшүүлсэн саналуудыг тусгасны үндсэн дээр холбооны дүрмээ батлахаар тогтов.
Энэ үеэр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Багш, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага Монголд алга. Ямар нэг амжилт гаргахад тухайн тамирчныг магтан мандуулдаг хэрнээ амжилтгүй оролцоод ирэхээр дасгалжуулагчийг буруутгаж, ажлаас халдаг эрүүл бус тогтолцоог бид өөрчлөх ёстой. Биеийн тамирын салбарын эв нэгдлийг бэхжүүлж, дасгалжуулагчдын амьдралын баталгааг сайжруулж, тэдний дуу хоолой болох нь манай холбооны гол зорилго. Үүний хүрээнд багш, дасгалжуулагч нарыг боловсруулж, тэдний мэдлэг чадварыг сайжруулах зорилготой сургалт семинар зохион байгуулах зэргээр хийж төлөвлөсөн олон ажил байна” хэмээн ярив.
Монголын мэргэжлийн дасгалжуулагч, багш нарын холбоо ирэх оны эхээр багш, дасгалжуулагч нарыг хамруулсан нэгдсэн чуулганаа хийж, холбооны удирдлагаа сонгохоор төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )