Буриадын алдарт бөх, чөлөөт бөхийн Европ, Дэлхийн Цомын аварга Олег Алексеевт зориулсан хөшөө Улаан-Үд хотод ард түмний хандиваар сүндэрлэн бослоо.
Олег 2015 онд 62 настайдаа зуурдаар нас барсан юм. Түүний оршуулга дээр Борис Будаев нулимсаа нуулгүй, цурхиртал уйлан сууж байсан гэдэг.
Олегийг Буриадад бөхийн анхдагч гэж нэрлэдэг. Маш хурдан хөлд ордог байсан тул “Хүн-Пуужин гэж ч нэрлэдэг байв. Ингээд түүний буриад чөлөөт бөхөд авчирсан анхны амжилтуудыг дурдья.
Дасгалжуулагчийн хувьд ч тэр гайхалтай сайн багш байлаа. РСФСР-ийн Гавьяат дасгалжуулагч цолтой. Түүний шавь нараас дэлхий, Европын медальт Сергей Замбаловыг дурдаж болно.
“Бурят Олимп Клуба” клубын хашаанд боссон тус хөшөөг уран барималч Юрий Эрдынеев бүтээсэн бөгөөд ялалтын цомоо өргөөд явж байх агшныг мөнхөлжээ.
Уг нь Олег олимпын аварга болох ч боломжтой байлаа. Амьд ахуйдаа өгсөн сүүлийн нэгэн ярилцлагадаа тэрээр “ЗХУ-ын үед шигшээ багийн удирдлагууд улс төр их хийдэг байлаа. 1979 онд Европын аварга болохдоо би Адольф 3егер, Иштван Ковач нарын томчуудыг өвдөг шороодуулсан юм. Дасгалжуулагч Юрий Шахмурадав ирээд “Чи Москвагийн олимпод орно” гэж хэллээ. Энэ нь намайг болон багшийг минь тайвшруулах тактик байсан юм билээ. Дараа нь бодоход Ю.А.Шахмурадав дэлхийн 5 удаагийн аварга, нутаг нэгт Али Алиевын захиалгыг биелүүлсэн байсан. Тэд М.Арациловыг Москва олимпод оруулсан. Кавказ бол Кавказ шүү дээ. Тэр үед биднээс бараг юм хамаардаггүй байлаа. Олимпод М.Арацилов Болгарын Исмаил Абиловт ялагдсан. Харин би болгар бөхийг зовох юмгүй ялдаг байсан” гэж дурссан байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ буриадууд аргагүй л манайхны төрөл нь үнэн юм аа, бөхөд зориулж хөшөө босгож л байдаг, монголчууд бөх шүтээд яаж баларч байгааг хардаггүй ээ