СҮМО: 13 ояката зодог тайлах ёслолоо хүлээж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо зодог тайлж, Сүмогийн холбоонд Магаки ояката нэрээр ажиллаж эхэлсэн.

Сүмо бөхийн ихэнх рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон агуу аварга зодог тайлах ёслолоо хэзээ хийх бол хэмээн асууж байгаа бөх сонирхогч маш олон. Гэвч одоо болтол хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна. Учир нь цар тахлын улмаас хөл хорио тогтож, урлаг, спортын арга хэмжээ үзэгчдийн тоо хязгаартай байгаа. Яг одоо зодог тайлах ёслол хийх дарааллаа хүлээж байгаа шинэ залуу ояката 13 байгаа юм.
 


Зодог тайлсан дарааллаар нь жагсаавал 2019 оны долоодугаар сард зодог тайлсан Аминишики Ажигава оякатагаас эхлээд Ёшиказэ Накамүра ояката, Хомарэфүжи Татэяма ояката, Гоэйдо Такэкүма ояката, Точиоозан Киёмигата ояката, Тоёонишима Изүцү ояката, Соококүрай Арашио ояката, Котошёогикү Хидэнояма ояката, Какүрюү Какүрюү ояката, Тоёохибики Ямашина ояката, Икиой Касүгаяма ояката, Асахишёо Кирияма ояката, Хакүхо Магаки ояката.  

Зодог тайлах ёслол бол тухайн ояката өөрөө зохион байгуулдаг ёслол. Дэмжигчид, анд найзууд нь үсэнд нь хайч хүргэхээс гадна Сүмо бөхчүүдийн холбооноос бөхийн барилдаан зохион байгуулах зэрэг олон хөтөлбөр гарган, хамтран ажилладаг. Тойргийн барилдаан болдоггүй 1, 5, 9 дүгээр сарын Токио башёгийн дараа явагддаг журамтай. Үзэгчдийн тасалбараас орсон мөнгийг зарим бөх оякатагийн эрхийн төлбөрт өгөх зэргээр тухайн бөхийн хувийн орлого болдог тул ковидийн үед ёслол хаагдсан нь бөхчүүдийн хувьд том асуудал юм. Мөн зодог тайлаад хоёр жил болсон ч сүмо бөхийн үс засалттай байгаа тул өглөө бүр дэвжээний үсчингээр үсээ янзлуулах нь хэцүү байна гэх ояката ч байна.   

Одоогийн байдлаар ёслол нь хоёр ч удаа хойшилсон Аминишикигийн ёслол ирэх жилийн тавдугаар сарын 29-нд, Тоёоношима өмнөх өдөр нь буюу 28-нд хийхээр болоод байна. Озэки асан Гоэйдо 2021 оны нэгдүгээр сарын 29-нд, маргааш нь Точиоозан зодог тайлах ёслолоо хийх юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top