Олимпын хошой аварга, дэлхийн аварга Сайто Хитошиг монголчууд сайн мэднэ.
Алдарт Ясүхиро Ямашитаг “зовоодог” ганц жүдоч гэгдэж байсан хүн. Сайто хоёр хүүтэй. Бага хүү болох Сайто Тацүрүгээ өөрийнхөө барилдааны бичлэгийг үзүүлсээр байгаад “Би жүдоч болмоор байна” гэж хэлүүлж, таван настайгаас нь барилдуулсан гэдэг.
Сайто Хитоши 2015 оны нэгдүгээр сарын 20-нд хүнд өвчнөөр удтал өвдсөний эцэст хорвоог орхисон юм.
Нас барахаас нь нэг хоногийн өмнө эхнэр нь түүнд “Өнөөдөр хүүхдүүдээ бэлтгэл хийлгэлгүй өнжвөл ямар вэ? Хүүхдүүдтэйгээ хамт байх уу” гэж асуухад “Бэлтгэлдээ явцгааг” гэж хэлсэн байдаг. Энэ бол түүний хүүхдүүдтэй хэлсэн сүүлийн үг байсан юм.
Сайто Хитошигийн хүү Сайто Тацүрү саяхан Азербайжанд болсон Их Дуулгын тэмцээний хүнд жинд түрүүллээ.
Тацүрү өнөөдөр "Нарита" нисэх буудал дээр болсон хэвлэлийн бага хурал дээр “Аав тань амьд сэрүүн байсан бол одоо юу хэлж байх бол” гэсэн асуултад “Гар бариад, бага зэрэг магтаад, тэмцээн дээр гарсан алдаа дутагдлыг минь хэлэх байсан байх. Ямар ч зүйлийг шууд хийдэг хүн байсан болохоор одоо нисэх дээр бэлтгэл хийлгэх ч байсан байж магадгүй” гэж хариуллаа.
19 настай, 190 см өндөр, 164 кг жинтэй Тацүрүг Японы жүдогийн ирээдүй хэмээн нэрлэж байгаа. Тэр Бакуд 4 барилдахдаа бүгдэд нь иппон ялсан.
Тэмцээний талаар Тацүрү “Насанд хүрэгчдийн анхны олон улсын тэмцээндээ түрүүлсэндээ баярлах гэхээсээ илүү сэтгэл амарлаа. Бодож байснаасаа илүү барилдаж чадлаа. Мэдээж засж залруулах зүйл байгааг олж харсан. Гадаадад судлагдаагүй, хэн ч мэдэхгүй залуу тамирчин болохоор Их Дуулгыг боломж гэж бодон барилдсан” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.
Бакуд түрүүлснийхээ дараа Тацүрү IJF холбооны чансааны 1000 оноо авч, дэлхийд 33-т бичигдэж эхэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бас нэг мангас гарч ирэх нээ.
Энэ нэг бөхийн хэнээтэн сураггүй гаруудын талаар сүржин сүржин юм их бичих юм аа