Таиландад хоригдлууд нохой тэжээнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Таиландын хууль зүйн яам тус улсын дөрвөн хорих газрын хоригдлуудад нохой тэжээхийг зөвшөөрөхөөр болжээ. Ингэснээр хоригдлуудын айдас, гутралыг багасгаж, сэтгэл санааг нь өргөнө гэж үзэж байна.

Хорих газруудын удирдах газар Накхонратчасима, Районг, Клонгпхай, Кхаобин мужийн хорих газруудыг сонгож, амьтан ашиглан сэтгэл зүйн эмчилгээ хийх энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон тухай “Bangkok Post” сонинд мэдээлжээ.

Тус санаачилгын дүнд хоригдлууд суллагдсаныхаа дараа эргээд нийгэмших сэтгэл зүйн бэлтгэлтэй болно гэж үзэж байна.

Таиландын хууль зүйн сайд Сомсак Тхепсутхин төсөлд оролцох нохдыг олох сонгох зорилгоор амьтан хамгаалах холбоо, асрамжийн газруудтай хамтран ажиллаж байна гэж мэдэгджээ. Хоригдлууд хэдэн цагийг амьтанд зориулах нь одоогоор тодорхойгүй байна. Төсөлд оролцох хоригдолд өөрийнх нь ааш занд тохирсон нохойг сонгож, нохойтой хэрхэн харьцах, арчлах талаар зөвлөгөө өгөх гэнэ.

Хэрэв төсөл амжилттай болбол бусад хорих газруудыг хамруулахаар төлөвлөж байна.
Энэ оны тавдугаар сарын байдлаар, тус улсын 143 шоронд 310.8 мянга гаруй хүн хоригдож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top