Өчигдөр Японы Фүкүока хотод мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн эхэллээ. Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй билээ. Кюүшюү башёгийн эхний өдөр их аварга Хакүхо буюу Магаки ояката сүмогийн холбоонд анхны ажлаа хийлээ.
Холбооны ажилтны хар хөх цамцтай тэрээр дээд зиндааны сүүлийн хагасын барилдаанд баруун жигүүрийн коридорт харуулын алба гүйцэтгэлээ. Бөхчүүд хажуугаар нь явахдаа бүгд мэндчилэн, үзэгчид ч их аваргыг анх удаа холбооны албан дээр нь харж байгаа тул ихэд сонирхож байв. NHK телевизийн тайлбарлагчаар ажилласан ёкозүна асан Китанофүжи “45 түрүүлсэн их аваргыг заавал хамгаалалтад гаргах хэрэг байдаг юм уу даа. Холбооны энэ хувцас ч царай муутай, би зодог тайлсныхаа дараа ер нь өмсөөгүй юм даг” гэж ярьж байлаа.
Харин Хакүхо барилдааны дараа сэтгүүлчдэд утсаар ярилцлага өгөхдөө анхны ажлынхаа талаар сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.
“Бүх юм шинэлэг, сонин санагдаж байлаа. Коридорт зогсож байхад нэг сонин мэдрэмж төрөөд гарын хөлс гарсан байсан. Барилдах гэж байгаа сүмочдыг хажуунаас нь хараад сайхан юм гэж бага зэрэг атаархах шиг болсон. Хүмүүс ояката гээд дуудахаар хэнийг хэлээд байгаа юм бол гэж анх гайхаж байгаад даслаа. Ингээд ояката болжээ гэдгээ дахин ухаарсан. Нэг мэдэхэд ажлын цаг дууссан байлаа” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
huurhun sh dee.