Сербид болж өнгөрсөн боксын ДАШТ-ий 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Какахстаны боксчин Серик Темиржановт Павлодар мужийн захиргаанаас шинэ байр бэлэглэлээ.
Мужийн аким Абылкаир Скаков “Чиний мөнгөн медаль шигшээ багийн амжилтад үнэтэй хувь нэмэр болсон. Энэ бол манай мужийн боксын дэлхийн аваргын тэмцээний анхны медаль. Серик энэ амжилтынхаа ачаар мөн манай мужийн анхны боксын Гавьяат тамирчин боллоо. Баяр хүргэе. Дасгалжуулагч та хоёрыг шинэ олон тэмцээн хүлээж байна. Зуны олимпын наадмаас медаль авна гэж нутгийн олон чинь найдаж байгаа шүү” гэж ёслолын үеэр хэллээ.
Серик Темиржанов “Олимпын дараа бид маш их хөдөлмөрлөснийхөө ачаар ДАШТ-ээс медаль авч чадлаа. Би энэ медалийн өнгийг ирэх жил алтан шар болгон өөрчилнө. Дэмжиж тусалсан бүх хүнд баярлалаа” гэж амаллаа. Серик ДАШТ-д Монгол, Япон, Энэтхэг, ОХУ, Кубын тамирчдыг ялж, финалд АНУ-ын Жамал Харвид ялагдсан юм. Тэрээр ДАШТ-д амжилттай оролцоод нийт 107 мянган ам.долларын шагнал, байр, Гавьяат тамирчин цол хүртээд байна.
Сэтгэгдэл ( 0 )