Б.Махов: 2024 онд олимпын аварга болох нь баталгаатай цорын ганц бөх бол би

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

ОУОХ-ноос 2012 оны Лондоны олимпын наадмын чөлөөт бөхийн 120-кг-ийн жингийн медалийн асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. Тус олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ийн жингийн аварга Артур Таймазов (Узбекистан) допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул алтан медалийг нь хураан авах шийдвэр гаргасан. Хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн Гүржийн Давит Модзманашвили ч мөн допингоор медалиа хураалгах болсон билээ.

Хагас шигшээд Ираны Комейл Гасеми Таймазовт, ОХУ-ын Билял Махов Модзманашвилид ялагдаж хүрэл медаль зүүсэн юм. ОУОХ-ноос Гасеми, Махов хоёрт хоёуланд нь алтан медаль өгөх боллоо. Ийнхүү олимпын түүхэнд анх удаа хоёр бөх нэг жинд олимпын аварга болж байгаа юм. Олимпод нэг жинд алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд хоёулаа допингоор медалиа хураалгаж байсан түүх байхгүй тул ДБНХ-ны дүрэмд ч энэ талаар заалт байсангүй. Холбооноос шинэ дүрмийн заалт оруулж, ийм тохиолдолд хүрэл медаль авсан хоёр бөхөд алтан медаль олгож, мөнгөн медалийг хэнд ч өгөхгүй байх шинэ заалттай болсон юм.

Ингээд Лондон 2012 олимпын чөлөөт бөхийн 120 кг-ийн жингийн байрыг танилцуулья.

Алт - Комейл Гасеми (Иран), Билял Махов (ОХУ)

Мөнгө – байхгүй

Хүрэл – Тервел Длагнев (АНУ), Даулет Шабанбай (Казахстан)

5-р байр - Ж.Чулуунбат (Монгол)

6-р байр - Алексей Шемаров (Беларусь)

7-р байр - Таха Акгуль (Турк)

Таймазовын алтан медалийг авах болсон ОХУ-ын Билял Махов 2020 оны хоёрдугаар сард допингийн шинжилгээнд бүдэрсэн. Түүний шийтгэл 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэж, 2024 оны нэгдүгээр сарын 26-нд дуусна. Мэдээж Махов 2012 оны олимпын алтан медалиа авна. Гэхдээ торгуулийн хугацаа дууссаны дараа буюу 2024 онд медалиа авч чадах юм.

Билял Махов энэ талаар “Үнэнийг хэлэхэд Лондон олимпын медальд миний ч толгой эргээд байгаа. Барилдаагүй удаж байгаа ч мэдээгээр миний нэр гараад л. Юу гэж ч хэлэхээ мэдэхгүй юм. Өнөөдөр миний хэлж чадах ганц зүйл бол 2024 онд олимпын алтан медаль авч, аварга болох нь тодорхой ОХУ-ын цорын ганц төлөөлөгч бол би” гэж наргисан байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top