Сүмо: Аттила Масүто Унгарын ЭСЯ-нд ажилд оржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Friday Digital

Унгарын цорын ганц сүмоч Масүто хэмээх Тотх Аттила өнгөрсөн гуравдугаар сард зодог тайлсан. Дэвжээгээ орхиод тэр нутаг буцсангүй, Токио дахь Унгарын ЭСЯ-ны ажилтан болсон байна.

186 см өндөр, 168 кг жинтэй аварга том Аттила “Зодог тайлсны дараа ажил олдохгүй хэцүү байлаа. Эцэст нь орж чадахгүй байсан ч яах вэ гээд ЭСЯ-нд өргөдөл өгтөл харин тэнцчихдэг байгаа. Ингээд ажилтай боллоо. Сүмогоор хэлэх юм бол ёкозүнаг унагаагаад кинбоши авсан мэт л баярласан” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Унгарын Яс-Надькун-Сольнокийн уугуул Тотх Аттила сонирхогчдын сүмо бөхийн залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай. Ирээдүйтэй залуу хэмээн Японы ояката нар араас нь хөөцөлдсөөр 18 настайдаа Чиганоүра дэвжээнд элсэж байв. Унгарын анхны сүмоч хэмээн олны анхаарлыг татаж байсан ч гэмтэл бэртэл салахгүй байсаар макүшита зиндаанаас дээш ахиж чадаагүй.

Аттила өнгөрсөн аравдугаар сард Токио дахь Унгарын ЭСЯ-нд ажилд орж, Унгарын наадам, өдөрлөгт эх орноо сурталчилдаг болсон байна.   

Япон, Унгарын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Игая Акико “Жюүрёод дэвшиж чадаагүй болохоор Унгарын ард түмний итгэлийг хариулж чадаагүй” гэж бодож явдаг юм билээ. Ингэж бодолгүй хоёр дахь амьдралдаа хичээн зүтгэх хэрэгтэй” гэж хэлсэн бол Аттила “Би ямар ч сургууль төгсөөгүй хүн. Хэзээ нэгэн цагт Японы их сургууль төгсөх нь миний мөрөөдөл. Тэгээд Япон, Унгарын хооронд харилцааны гүүр болно” гэж дараагийн зорилгоо тодорхойллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.57.94.85) 2021 оны 11 сарын 16

mundag uhamsartai zaluu yumaa

0  |  0
Top