Өнгөрсөн шөнө Беларус, Польшийн хил дээр тайван хоножээ. Беларусийн тал хилийн бүсэд ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй гэж мэдэгдсэн бол Польшийн хил хамгаалагчид дүрвэгсэд бүлэг бүлгээрээ хилээр нэвтрэх хэд хэдэн оролдлого хийсэн тухай мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн улстөрчид дүрвэгсдийн хямралыг шийдэх арга зам эрэлхийлж байна. Өнгөрсөн лхагва гарагт /2021.11.17/ Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Германы Канцлерын үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель нар утсаар ярьжээ.
Хүмүүсийн зовлонг нимгэлэх нь
Одоогийн байдлаар Польш, Беларусийн хил дээр хоёр мянга орчим дүрвэгч бөөгнөрөөд байна. Тэд гурван газар байрлажээ. Нэг орчим мянган хүн тээвэр, ложистикийн “Брузги” төвд байрлаж байгаа бол 800 орчим дүрвэгч хилийн зурваст, үлдсэн хэдэн зуун дүрвэгч хилээс холгүй байгуулсан хуаранд байрлаж байна.
Беларусийн тал дүрвэгсдийг халуун хоол, ундаар хангаж байгаа бол олон улсын байгууллагууд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
Лхагва гарагт Европын Холбоо дүрвэгсдэд 700 мянган еврогийн тусламж үзүүлэх шийдвэр гаргав. Европын комиссын мэдэгдэлд дурдсанаар, тусламжийн 200 мянган еврог Беларусийн Улаан загалмай нийгэмлэгээр, 500 мянган еврог бусад хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан хуваарилахаар болжээ. Дүрвэгсдэд хүнс, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хөнжил, анхны тусламжийн сет зэрэг тусламжийг илгээх юм.
Европын Холбоо мөн Варшав, Минскт хандан, олон улсын байгууллагуудад дүрвэгсдийн байрлаж буй бүс рүү чөлөөтэй нэвтрэх боломж олгохыг уриалаад байна.
Улстөрчид тохиролцож байна
Дүрвэгсдийн хямралын хүмүүнлэгийн талын асуудлуудыг ийн шийдвэрлэх хооронд талууд улс төрийн шинжтэй асуудлыг шийдэх арга зам хайсаар байна. Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайбергийн мэдэгдсэнээр, лхагва гарагт Меркель, Лукашенко нар дүрвэгсдийн асуудлаар Беларусь, ЕХ-ны түвшинд яриа хэлэлцээ хийх тохиролцоонд хүрчээ.
Польшийн хана
Лукашенко, Меркель нарын тохиролцоо Европын Холбоонд хагарал үүсгэж болзошгүй байна. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Польшийн оролцоогүй хийсэн дүрвэгсдийн асуудлаарх аливаа тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. Үүнтэй зэрэгцэн Польшийн тал ирэх сарын 15-нд Беларустай залгаа хил дээр хана босгож эхэлнэ гэж мэдэгджээ. Варшав 5.5 м өндөр, 188 км урт хилийн хана босгоход зориулж нийт 400 сая ам.доллар гаргахаар болсон байна.
Дүрвэгсэд гэртээ харьж байна
Иракийн иргэний агаарын тээврийн “Iraqi Airways” компани пүрэв гарагт /2021.11.18/ Иракийн дүрвэгсдийг тусгай нислэгээр Беларусаас нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
“Al Jazeera” агентлагийн мэдээлснээр, өнөөдөр Иракийн 200 дүрвэгч Минск-Багдад чиглэлийн тусгай нислэгээр гэртээ харихаар болжээ.