Сонгомол: Украины дэлхийн аварга Болгарын төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Сонгомол барилдааны Европын насанд хүрэгчдийн аварга, дэлхийн залуучуудын хошой аварга, украин бөх Семён Новиков иргэншлээ сольж, Болгарын шигшээ багт барилдах болжээ.

Новиков Токиогийн олимпын шигшээд багтахын төлөө Жан Беленюктэй өрсөлдөж, хоёр бөх олон нийтийн сүлжээгээр удаан маргалдсан билээ.

Олимпын 87 кг-ын жингийн эрхийг 2019 оны Нурсултаны ДАШТ-д Жан Беленюк авсан. Гэхдээ цар тахлын улмаас олимпын наадам нэг жилээр хойшилж, сүүлийн үеийн амжилтаар Семён нь илүү байв. 2020 оны Европын аваргын тэмцээнд Жан яваагүй. Харин Семён тус тэмцээнд маш сайн барилдаж түрүүлсэн юм. Ингээд тэр Токио олимпын эрхийн төлөө халз барилдаан хийлгэхийг шаардсан. Гэвч Украины бөхийн холбооноос олимпод хашир туршлагатай Жан Беленюкийг авч явахаа мэдэгдсэн юм.

Семён Новиков Жан Беленюкийг Дээд Радын депутат тул улс төрийн эрх мэдлээ ашиглалаа, Бөхийн холбоо түүний талд ажиллалаа гэж шүүмжилсэн. Эцэст нь тэр Токиод сэлгээний тамирчнаар явсан ч барилдах боломж олдоогүй билээ. Харин Жан Украины багийн цорын ганц алтан медалийг эх орондоо авчирсан юм. 

Ингээд Семён Новиков иргэншлээ солихоор шийджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top