Монголын хоккейн лиг: Отгон од- Бласт – Шарын гол 0:3

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Өнөөдөр Монголын хоккейн түүхэнд түүхэн үйл явдал боллоо. Монголын хоккейчид анх удаагаа эх орондоо битүү дээвэртэй ордонд лигийн тоглолтоо хийлээ. Монголын анхны битүү дээвэртэй, мөсөн ордон “Степпе арена” лигийн тэмцээнээ хүлээн авсан юм.

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Монголын хоккейн лигийн тэмцээний плэй-оффын тоглолтууд өнөөдөр явагдлаа. Эхний тоглолтод Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, Багануур ХК-ийн “Бага- Нуур багийг 12:3 буулган авсан.

Хоёр дахь тоглолтод лигийн тэмцээний 2-т эрэмблэгдсэн “Отгон од- Бласт” баг 3-т бичигдсэн “Шарын гол” багтай учраа таарсан юм. Хэн түрүүлж 2 ялсан нь финалд шалгарна.

Хоёр багийн хаалгачдын уран сайхан тоглолтоор эхний үе 0:0 өндөрлөлөө.

Тоглолтын эхний гоолыг хоёрдугаар үеийн 7 дахь минутад Шарын гол багийн Э.Батбилгүүн орууллаа. Энхбатын цохьсон шайбыг хаалга хаасныг тэр нэмж, чихэн гоол хийсэн юм.

Гуравдахь үеийн 4 дэх минутад Г.Мөнхтулга ганцаар сугарч гаран, шайб оруулснаар Шарын гол баг 2:0 тэргүүлж эхэллээ. Цаг дуусахад 6 минут дутуу байхад “Отгон од- Бласт” баг торгуулиар хүний илүүтэй болсон. Тэд нэг гоол нөхөх гэж хаалгачаа суулган, хоёр хүний давуутай тоглосон ч бүтэлтэй болсонгүй. Харин хаалгандаа гоол алдсанаар энэ тоглолтын хувь заяа бараг шийдэгдсэн гэж хэлэхэд болно.

Ийнхүү Шарын гол баг 3:0 ялалт байгууллаа. 

Багууд маргааш 15.00 цагаас хариу тоглолтоо хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top