"Бодь мөрийн зэрэг", “Тарнийн мөрийн зэрэг” судрыг айлдсан Богд Зонховын хөшөөт цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан нь маргаан дагуулсаар байна.
Хөшөө барихыг эсэргүүцсэн иргэд сошиалд бухимдлаа илэрхийлж байгаатай холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин цахим хуудсаараа дамжуулан энэ төслийг санхүүжүүлэхгүй хэмээн "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэж мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдлээс улбаалж Ч.Номин сайд дангаараа төсөвт өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй эсэх асуудал хөндөгдөөд байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад "Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Соёлын сайд Ч.Номин "Богд Зонхова" цогцолборын төслийг санхүүжүүлэхгүй гэдэг саналаа Засгийн газарт оруулах эрхтэй" гэсэн тайлбарыг өглөө.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.1.3-т "Төсвийн төсөл болон батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх" гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хориг тавих эсвэл батлагдсан төсвийг эгүүлэн татахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрөө төсөвт тусгасан тухайн төслийг санхүүжүүлэхгүй гэдэг асуудлаа Засгийн газарт оруулж, хэлэлцүүлэх эрхтэй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Иш чааваас даа бас сангийн сайд гээд байгаа шүү
нийтийн тээврийн асуудлаа шийдээч ээ,өглөө болгон түгжрэл,хүйтэн автобус .