Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.11.22/ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой уулзалт хийх аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхолмтой хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.
Сануулахад, далд уурхайн зардлын асуудлаарх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ээс 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан захидал илгээж байсан.
Захидалдаа,
“Энэхүү төсөлд тулгарсан техникийн олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бүх нөөц боломжоо дайчилж, шийдвэр гаргахдаа бүх түншлэгч талын эрх ашгийг хангах талаар эрмэлзэн ажиллаж ирсэн боловч, сэтгэл гонсойлгосон нөхцөл байдал үүссэнийг бид хүлээн зөвшөөрч байна. Оюутолгойн эдийн засгийн ач холбогдол, уг төслөөс улсын төсвийн орлогод оруулдаг хувь нэмрийг харгалзан үзэж, энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд хүнд тусаж байгааг бид мэдэрч байна. Энэ бүхэн бидний харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа явдалд бид хүлцэл өчиж байна. Дээрх байдлыг залруулах замаар Оюутолгой төслийг урагшлуулахын тулд жинхэнэ түншүүдийн ёсоор зүтгэхэд бэлэн байна.
Иймээс өнөөдөр танай Засгийн газар УИХ-ын зүгээс тавьсан зорилттой нийцэхүйц шийдэлтэй санал танд тавихыг хүссэн юм.
Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон ийм эгзэгтэй үед Засгийн газрын төсөвт чухлаар шаардагдах орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбогдуулж ирэх гурван жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг Засгийн газрын төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байна” гэхчлэн саналууд тавьсан байсан.
Мөн “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудаас Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт хаягласан албан бичигтээ Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх болон бусад саналуудыг тавиад буй юм.
Оюутолгойн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани төслийн үйлдвэрлэлийн 2021 оны гуравдугаар улирлын байдлаарх тайлангаа өнгөрсөн сард танилцуулахдаа, далд уурхайн үйлдвэрлэл эхлэх хугацаа дор хаяж 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшлох төлөвтэй байгааг мэдээлж байсан. Гэвч энэ хугацаа дахин хойшилж, 2023 оны эхний хагаст багтаж эхлэхээр болсон гэсэн мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )