Украины депутат, сонгомол барилдааны олимп, дэлхий, Европын наадам, тивийн аварга Жан Беленюк өөрийн гол өрсөлдөгч Семён Новиков иргэншлээ сольж, Болгарын багт орсон талаар Трибуна агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа ярьжээ. Хоёр бөх Токио олимпын шигшээд багтахаар өрсөлдөж, олон нийтийн сүлжээгээр удаан маргалдсан. Семён халз барилдаан хийх санал тавьсан ч Украины бөхийн холбоо Жаныг сонгосон. Жан ч Токиод түрүүлж чадсан юм.
Беленюк “Сайн тамирчнаа гадаадад алдаад байж болохгүй. 23 настай ирээдүйтэй залуу тамирчныг явуулж бүр таарахгүй. Гадаадын улс орнуудад ийм бэлэг бариад байх нь улс орны эрх ашигт харшлана. Цугларалт, тэмцээн уралдааны зардлыг тооцох юм бол Украин улс Новиковт их хэмжээний хөрөнгө зарсан. Манай бөхийн холбоо, Спортын яам түүнийг үлдээхийн төлөө бүхнийг хийх ёстой. Тамирчид иргэншлээ солих талаар бодож эхлэнэ гэдэг муу зүйл. Маш хэцүү сонголт шүү дээ. Хэрэв эх орноо солих гэж байгаа бол тэр хэмжээний том шалтгаан байх ёстой. Надад Новиковын талаар ямар нэг мэдээлэл алга. Үнэхээр иргэншлээ сольчихсон юм уу, эсвэл Болгараас урилга ирээд хэлэлцээр хийж байгаа юм уу мэдэхгүй. Миний хувьд гэнэтийн явдал байлаа. Би шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Владимир Шацких, холбооны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Юрий Копытко нартай ярьсан. Тэд Новиковыг шигшээ багт үлдээх сонирхолтой байгаа. Новиков бол Украины сонгомол барилдааны төлөө ихийг хийж чадах сайн тамирчин. Түүнтэй уулзаж, ярилцаж, учир явдлыг ойлгох хэрэгтэй. Тамирчин хүн ялж байхад бүгд анхаараад гэмтэж бэртээд, ялагдахад нь хаячихдаг байж таарахгүй. Харилцан ярилцахгүй болохоор үл ойлголцол үүсдэг. Ийм өндөр зэрэглэлийн тамирчин гадаадад гарна гэдэг улс оронд хохиролтой. Семён насанд хүрсэн хүн. Урьсан гадаад орон чинь чамайг хөлсний ажилчин гэж үзнэ, харьцана. Медаль авчрах ёстой машин шиг хандана. Харин эх орон бол хэзээд эх орон шүү гэдгийг ойлгоорой” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Маньд туй ч хамаагуй эд байна даа, ийм балай мэдээ тавихаа больмоор юм