ЧӨЛӨӨТ БӨХ: Гадаадын лигийн легионерууд ямар цалинтай вэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Гадаадын олон орон чөлөөт бөхийн лигийн тэмцээнтэй. Өөрөөр хэлбэл багууд олон хоног, сарын турш халз барилдан, аварга баг тодордог. Түрүүлэхийн тулд баян клуб гадаадаас бөх урьж авчирна.

Энэхүү легионерууд хэдэн долларын цалинтай байдаг нь бөх сонирхогчдын сонирхлыг татдаг.

Бөхийн орон Ираны лиг хамгийн өндөр цалинтай. Цар тахлын өмнө алдартай сайн легионерт ганц барилдаанд 18 мянган ам.доллар амладаг байлаа. Гэвч сүүлийн үед дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал муудаж байгаа тул цалин хангамж эрс багассан. Энэ улирал Ираны лиг гадаад бөхчүүддээ урьдчилсан шатны нэг барилдаанд 3-5 мянган доллар, хасагдах шатны ганц барилдаанд 5-6 мянган ам.доллар өгч байна. Иранд гадаад бөхийг дээд тал нь 4 барилдаанд урих эрхтэй.
 

Герман, Францын чөлөөт бөхийн лиг легионерт нэг барилдаанд 500-1000 евро төлдөг. Гэхдээ энэ улсуудад удаан хугацааны гэрээ байгуулж болдог тул гадаад бөхчүүд олон барилдаж, нэг улиралд 10 мянган евро олох үе ч бий. Зарим лиг гадаад бөхчүүдэд ялсан, ялагдсан тохиолдолд өөр цалин олгодог.  

Урьсан гадаад бөх болгоны тоогоор багууд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд татвар төлдөг. Энэ татвар 1.5-2.5 мянган швейцар франк. Мөн урьсан бөхийн гэрээнд заасан мөнгөний 10 хувийг улсынхаа чөлөөт бөхийн холбоонд шилжүүлнэ.

Легионерийн онгоцны тасалбар, байр, хоолыг урьсан клуб бүрэн даадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top