СУРВАЛЖИЛГА: Өвлийн дугуйны үнэ дахин 20 мянгаар НЭМЭГДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Цасан хялмаа хаялсан өвлийн жиндүү өдрүүд үргэлжилж байна. Цас бударсан өдрөөс эхлээд хотын гудамжинд халтиргаа, гулгаа үүсэж, тэр хэрээр замын түгжрэл нэмэгддэг. Халтиргаа, гулгаанаас сэргийлэхийн тулд жолооч нар автомашинаа өвөлд бэлтгэж, дугуйгаа солих нь чухал. Тиймээс Zindaa.mn "Өгөөмөр" захыг дахин зорьж, өвлийн дугуйны үнэ ханшийг сурвалжиллаа. 


Өвлийн дугуйны үнэ гурван долоо хоногийн өмнөхөөс дахиад л нэмэгджээ. Сар орчмын өмнө Приус-20 машины дугуйг хамгийн хямддаа 80 мянган төгрөгөөр худалдаалж байгаа талаар мэдээлж байсан бол одоо нэг дугуй авахад 100 мянган төгрөг зарцуулахаар болжээ. Наймаачид дугуйны үнэ нэмэгдэж буй шалтгааныг өнөөх л хил хаагдаж, тээврийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байлаа.  



"Өгөөмөр" захын хаалгаар ортол жолооч нар цас орохоос урьтаж дугуйгаа авсан уу, эсвэл "Тэнгэрт хадсан" өндөр үнийг дийлэхгүй дугуйгаа сольж чадахгүйд хүрэв үү гэсэн эргэлзээ төрж эхлэв.

Учир нь энд дугуй худалдан авч байгаа хүн тун ховор байна. Хаа нэг дугуйны үнэ асуух жолооч, өвлийн хүйтэнд гадаа зогсохдоо ганц ч болтугай дугуй зарах гэж зөрсөн хүн бүрээс дугуй авах эсэхийг нь асуух наймаачид угтлаа.

"Ямар дугуй авах юм" гэх дуугаар эргэн харлаа. Чингэлэгийнхээ гадна шинэ, хуучин дугуй ялгаж өрсөн борлуулагч уур савсуулсан халуун кофе гартаа барин зогсож байв. Түүнээс өвлийн дугуйны үнийг нэг бүрчлэн асуулаа. Энд ихэвчлэн Японы хуучин дугуй худалддаг аж. Тэрбээр "Хамгийн хямд нь 100 мянган төгрөгөөс эхэлнэ дээ" гэсээр яриагаа эхлэв. 

"Өгөөмөр" захад өвлийн нэг дугуй дараах үнэтэй байна. 

Prius 20 машины дугуй - 80.000-100.000 төгрөг

Prius 30 машины дугуй -  100.000 төгрөг

Prius 41 машины дугуй - 100.000 төгрөг

Harier машины дугуй - 300.000 төгрөг

Land 80 машины дугуй - 350.000 төгрөг

Жилийн өмнө 30 мянган төгрөгийн үнэтэй байсан дугуй одоо 100 мянган төгрөг болтлоо үнэ нь нэмэгджээ. 

"Өмнө нь шинэ дугуй авдаг байсан мөнгөөр арай гэж хуучин дугуй авах нь" хэмээн жолооч нар хэлж байлаа. Дөрвөн дугуйгаа солихын тулд хамгийн багадаа 400 мянган төгрөг хэрэгтэй болох нь.

"Өвлийн дугуйгаа сольж амжаагүй л явна" гэх жолооч нарын цаана өндөр үнэтэй дугуйг худалдан авч чадахгүйн улмаас сольж чадахгүй байх тохиолдол ч байгааг үүнээс харж болохоор байна. 



ДӨРВӨН УЛИРЛЫН ДУГУЙ ГЭЖ АНДУУРДАГ "MS" ТЭМДЭГ ЗУНЫ ДУГУЙНД Ч БИЙ
 



Өвлийн дугуй сонгохдоо анхаарах хэд хэдэн зүйлс байдаг. Энэ талаар мэдлэг дутмаг, хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа жолооч нарт тус нэмэр болох үүднээс туршлагатай борлуулагч Б.Сүхбаатараас зөвлөгөө өгөхийг хүслээ.

Тэрбээр дугуй сонгохдоо юуг анхаарах талаар зөвлөгөө өгөхийг уриалгахан зөвшөөрч, дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн юм. 

Зарим жолооч дөрвөн улирлын дугуй хайж ирдэг гэнэ. Ингэхдээ дугуйн дээр бичсэн "MS" гэх бичгийг хараад, дөрвөн улирлын дугуй байна гэж андуурах тохиолдол их байдаг аж. "Дөрвөн улирлын дугуй" гэж байхгүйг тэр учирлав. Дугуй бүр дээр  "MS" гэсэн бичиг байдаг. Энэ нь цас болон шавартай замд явахыг зөвшөөрсөн тэмдэглэгээ гэлээ. "Зуны дугуйнд хүртэл энэ тэмдэг байдаг. Хүмүүс харин дөрвөн улирлын дугуй гэж андуурч асуудаг. Мэдэхгүйг нь далимдуулаад дөрвөн улирлын дугуй мөн гэж хэлээд худалдаалах хүн ч байдаг. Тиймээс "MS" гэх бичиг хайх биш нэмэлт тэмдэглэгээ байгаа эсэхийг лавлах хэрэгтэй" гэлээ. 

Дугуй авахдаа харах ёстой хамгийн чухал зүйл нь хээ байдаг аж. Хатуу хээтэй бол өвөл хөлддөг. Харин зөөлөн, резинэн байвал халтиргаанаас хамгаалж, мөс болон гулгаа ихтэй газар зуурч, осол аваар гарахаас сэргийлдэг байна. 

Анхаарах ёстой дараагийн зүйлсийг дугуйн дээрх тэмдэглэгээнээс харж болно. Үйлдвэрлэсэн он, өвлийн дугуй гэдгийг илтгэх цасны тэмдэглэгээ, хэмжээ гэх мэт нь дугуйны хажуу талд бичээстэй байдгийг та анзаарах хэрэгтэй. 

Түүнээс зөвлөгөө аваад дуусахтай зэрэгцэн дугуй худалдаж авах гэсэн хүн ирлээ. Prius-20 машиндаа өвлийн дугуй авах гэж байгаа үйлчлүүлэгч жил бүр дугуй худалдаж авсаар багагүй мэдээлэлтэй болсон бололтой. Дугуйны хээг нарийвчлан харж байлаа.

Түүнээс дугуйны үнийн талаар асуухад энэ жил 80-100 мянган төгрөгөөр үнэ нэмэгдсэн байгааг хэлж, нэгэнт л авахаас өөр сонголтгүй учраас чанарыг нь сайн харж авах хэрэгтэйг анхааруулж хэллээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top