Мүсашимарү: Тэрүнофүжиг унагаах арга мэх зааж өгье

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Мэргэжлийн сүмо бөхийн 67 дахь ёкозүна Мүсашимарү одоо Мүсашигава дэвжээг удирдсан ояката болсон. Тэрээр өнгөрсөн Кюүшюү башёг ийнхүү дүгнэн ярьжээ.

Озэки, санякү цолтнууд муу байна

Цар тахлын улмаас Фүкүокад сүмо бөхийн башё хоёр жилийн дараа явагдлаа. Манай сүмо бөхийн холбооны хөл хорио хатуу ч ямар ч гэсэн хоёр удаа орон нутагт тэмцээн зохион байгууллаа. Гэхдээ хорионы дэглэм Токиогоос хатуу байсан. Токиогоос холдох хэрэггүй гэх хүн байсан ч үнэндээ бөхчүүд өөр газар нутгийн агаарыг амьсгалах төдийд л сэтгэл санаа сэргэдэг юм.  

Кюүшюү башёгийн 13 дахь өдрөөс гадуур гарахыг зөвшөөрсөн тул нутгийн сайхан амттай хоол идлээ. Ояката хүний хувьд бөхчүүдэд үлгэр дууриал үзүүлэхээр дэвжээнээсээ нэг алхам ч холдоогүй байсан тул стрессээ сайхан тайлж чадсан. Сүүлийн хоёр жил тэмцээн дууссан өдрийн хүлээн авалтаа бөхчүүдтэйгээ цуг дэвжээндээ хийдэг байсан бол энэ удаад танилынхаа чянко шөлний газрыг бүтэн хөлслөөд хүлээн авалт хийлээ. Ингээд өнгөрсөн тэмцээний талаар өгүүлье.

Бусдаасаа тасарсан Тэрүнофүжиг унагаах тактик юу вэ?

Юуны өмнө ёкозүна Тэрүнофүжи. Анх удаа өвдөг шороодолгүй түрүүлж, зодог тайлсан Хакүхогийн орон зайг нөхөж, ёкозүна хүний байр суурь, хүч чадлыг харууллаа. Цаашдаа ч Хакүхог орлон, сүмогийн ертөнцийг удирдан, үлгэр жишээ болж яваасай.

Бусад бөхчүүд одоогийн Тэрүнофүжиг унагааж чадахгүй биз. Удаан хугацаанд түүний үе үргэлжлэх байх гэж би бодож байна. Ёкозүнаг хэн өвдөг шороодуулах бол гээд бодохоор хэний ч нэр орж ирэхгүй юм. Өнгөрсөн есдүгээр сарын тэмцээнд Дайэйшёо, Мэйсэй хоёр аваргыг унагаахдаа маш их ажилласан нь харагдсан. Тэрүг унагаах тактик гэвэл тэнцвэрийг нь алдагдуулах явдал. Тэрүнофүжи өрсөлдөгчөө сайн харж, яг урдаа л байлгаж, хажуу, ардаа алддаггүй. Тийм болохоор түүний мэдрэмж, хөдөлгөөнөөс  илүү хурдан хөдөлж, дайрах хэрэгтэй. Юуны өмнө тачиай мөргөлт дээр эрүүг нь дээшлүүлж, доороос сөхөж дайран, маш хурдан хажууд нь гарах, эсвэл тойрч, ард нь гарч байж, түүнийг унагаах боломж гарна. Баруун золгохдоо сайн бөх бол баруун, зүүн золгодог нь эргэлзэх зүйлгүй зүүн тийш хөдлө. Ингэж чадвал Тэрү хүч чадлаа бүрэн ашиглаж чадахгүй. Ойлгохгүй хүн байвал надаас ирж асуугаарай. Тэрүнофүжи шиг том биетэй байсан миний бие барилдахад эвгүй байсан өрсөлдөгч нарынхаа арга мэхийг хэдийг л бол хэдийг зааж өгч болно шүү.  

Шёодайг Озэки гэж дуудахгүй байсан ч болно

Шийтгүүлэн доош унаад байсан Аби дээд зиндаанд эргэн ирж, энэ тэмцээнийг сонирхолтой болгож өглөө. Аби байгаагүй бол Тэрүнофүжи өрсөлдөгч үгүй тасархай түрүүлэх байсан. Бие хаа нь ч томорч, урьдын үсэрч, цовхордог барилдаан нь алга болжээ. Тэмцээний 14 дэх өдөр хүртэл сайн байсан ч дараа нь Таканошёотой барилдахдаа урьдын адил зайлж татсан. Ирэх тэмцээн Абигийн хувьд их чухал. Томчуулыг айлгадаг бөх болоосой.    

Харин озэки нараас эхлээд санякүгийн бөхчүүд хэрэг алга. Энэ Шёодайг бол озэки гэж дуудах хэрэг алга. Сүмо чян гэж дуудахад болно. Күмамотогийн уугуул түүний хувьд Кюүшюү бол төрсөн нутаг нь гэж хэлэхэд болно. Озэки цол хүртчихээд анх удаа нутагтаа барилдаж байгаа хүн гэхэд арай илүү хичээж болмоор. 9 давж, 50 хувийн амжилт үзүүлсэн гээд тайвширч суух цаг биш.

Комүсүби цолоо эргүүлэн авсан Ичиножёо 5 даваа, 10 унаа, комүсүби Кирибаяма 6 даваа 9 унаа, Мэйсэй ч гэсэн 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Санякү бөхчүүдээс сэкивакэ Митакэүми л 11 давлаа. Гэхдээ тэр ч бас сулхан, хэрэггүй амьтан юм. Хүч чадалтай байж улам хичээж зүтгэх хэрэгтэй. Тэрүнофжитэй барилдахдаа мавашины барьц алдангуутаа л ялагдаад өгчихөж байгаа юм. Митакэүми хичээгээд сайн барилдвал башё их сонирхолтой болох учиртай. Би түүнд итгэл бүрэн алдаагүй хэвээр байгаа шүү.

Зиндаа бууруулалгүй, цалинг нь хасах хэрэгтэй

Холбооноос гаргасан хөл хорионы дэглэмийг зөрчөөд барилдах эрхээ хасуулаад энэ тэмцээнээс барилдсан Рюүдэн макүшитад түрүүллээ. Аби ч гэсэн дахин барилдахдаа макүшитад түрүүлж байсан. Санякүд барилдаж байсан бөхчүүд макүшитад түрүүлэх нь мэдээжийн хэрэг. Ирэх жилийн долоодугаар сард барилдах эрх нь нээгдэх Асанояма ч гэсэн доод зиндаануудад түрүүлэх биз. Ингэхээр санданмэ, макүшитад түрүүлэх мөрөөдөлтэй залуу бөхчүүдийн хүсэл мөрөөдлийг үгүй хийж байгаа юм. Энэ зиндаанд түрүүлнэ дээ гэж хичээж байсан залуу бөхийг озэки асан бөх унагааж орхино. Дэглэм зөрчсөн бөхчүүдийг удаан хугацаанд барилдах эрхийг нь хасдаг шийтгэл огт утгагүй гэж би боддог. Миний хувьд тэднийг жюүрёод үлдээгээд харин цалин олгохгүй байхад болно гэж боддог.

Эцэст нь хэлэхэд 2021 он сүмогийн ертөнц төдийгүй хүн болгоны хувьд хүнд хэцүү жил байлаа. Хүчит бөхчүүдийн барилдааныг үзээд бага ч гэсэн эрч хүч авч, сэтгэл санаагаа амраагаасай гэж бодож, бөхчүүд, ояката бид зүтгэж байгаа билээ.  

Ирэх жил ч гэсэн сүмо бөхөө шимтэн үзээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top