Өнгөрсөн сар Японы Фүкүока хотод өндөрлөсөн мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээнд Их аварга Хакүхо буюу Магаки ояката сүмогийн холбоонд анхны ажлаа хийсэн билээ.
Японы FNN агентлагийн сэтгүүлч башё дууссаны дараа их аваргатай уулзан ярилцжээ.
ШИНЭ ОЯКАТАД ДОХЁ ЯМАР ӨНГӨТЭЙ ХАРАГДСАН БОЛ...
2021 оны сүүлийн тэмцээн болох Кюшюү башё өндөрлөсөн өдрийн үдэш костюм өмсөж, зангиа зүүсэн ёкозүна асан Хакүхо буюу Магаки ояката бидэнтэй уулзлаа. Тэр бол Эзэн хааны цомыг 45 удаа авсан түүхэнд нэрээ мөнхөлсөн их аварга билээ.
Өнгөрсөн тэмцээнд оякатагийн хувьд анхны ажлаа хийсэн түүнд энэ 15 хоног ямар санагдсан бол...
УЛАМ ИХ АЖИЛЛАМААР БАЙЛАА...
-Шинэ ояката анхны ажлаа дуусгалаа.
-Нэг мэдэхэд л дууссан байлаа. Шинээр олон зүйл сурч мэдсэн 15 хоног байсан даа.
-Та яг ямар ажил хийв?
-Шинэ ояката баруун коридорын хамгаалалтад гардаг тул энэ хэсгийг хариуцаж ажилласан. Зарим өдөр би баруун жигүүрт, зүүн жигүүрт Какүрюү ажиллаж таарч байлаа.
-Какүрюү ояката танаас түрүүнд зодог тайлсан болохоор зүүн жигүүрт гарсан байх даа?
-Тийм ээ, бүгд зодог тайлсан дарааллаараа ажиллана. Би бас өглөөний ээлжинд гарсан. Өглөөний ээлжинд гарахаар өмнөх өдрийн үзэгчид ямар нэг юм мартсан эсэхийг шалгаж, танхимд сэжигтэй зүйл байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Одоо цар тахлын үе тул үзэгчид амны хаалттай сууж, чанга дуугаар хашгарч болохгүй. Үүнийг бас хянах ажил ч хийлээ.
-Саяхан л башёд хамгийн сүүлд барилдаж, үзэгчдийг баясгаж байсан хүн зодог тайлсныхаа дараа шууд л арын албанд шилжих юм...
-Тийм ээ. Бөхчүүдийн орж, гарах коридорт сандал байдаг ч 15 хоног бараг суугаагүй.
Дээд зиндаа, жюүрёо, макүшитагийн барилдаанд ч хамгаалалтад ажиллаж үзэхсэн гэж бодож байсан болохоор бүгдэд нь ажиллалаа.
Тайхо их аваргын ач нарын барилдааныг коридорт хамгаалалтад гарангаа үзсэн.
-Маш эрт ажилдаа ирэх үе байсан гэсэн...
-Хийх ажил байвал бүгдийг нь хийж үзье гэж бодож байлаа.
-Та ояката болсноосоо хойш их идэвхтэй байх чинь?
-15 хоног хангалтгүй байлаа гэхээр улам их ажилламаар байна.
БӨХЧҮҮД ҮНЭХЭЭР САЙХАН ХАРАГДАЖ БАЙСАН
-Ояката болоход Сүмогийн холбооны албаны хувцас өмсөх ёстой. Зангиа зүүж, завгүй байсан 15 хоног. Ёкозүна байсан хүний нүдэнд энэ удаа дохё ямар өнгөтэй харагдсан бол?
-Бөхчүүд үнэхээр сайхан харагдаж байсан. Хэдхэн сарын өмнө тэдэнтэй хамт байсан гэхэд итгэмээргүй санагдсан. Бие хаа, дуу чимээ гээд үнэхээр гоё.
-Бага зэрэг гуниг төрсөн байх?
-Өвдөгний гэмтэл эдгэрсэн бол барилдаж л байх байсан даа гэсэн бодол төрсөн ч үнэхээр бүх хүч чадлаа шавхан гаргасан болохоор харамсал төрөөгүй.
-Эхний өдөр ордонд ирсэн үзэгчдэд бэлэг гардуулж харагдсан?
-Сүүлийн өдрөөс бусад 14 хоногт азтай үзэгч шалгаруулж, бэлэг гардуулан, хамт зураг авхуулсан. Бөх сонирхогчид байгаа болохоор сүмо бөх өдий хүртэл явж ирсэн.
Бөхчүүд тэдний төлөө сайхан барилдах нь гол ажил. Үнэтэй тасалбар аваад ирж байгаа үзэгчдэд талархахаас өөр аргагүй.
-Таны гол өрсөлдөгч ёкозүна асан Асашёорюү ордонд ирж, тантай ярилцаж байсан. Хоёр аварга яг юу ярив?
-Ёстой л юм юм ярьсан даа. Ямар хоол идэж байна, юу өмсөж байна, цаашдын мөрөөдөл, хүсэл гээд л. Хоёулаа ид барилдаж байх үедээ нэг их ярилцаад байдаггүй байсан болохоор тэр байх. Тэр үед хэн хэнээсээ зайгаа барьдаг байсан юм.
Харин Асашёорюү энэ талаар “Баяр хүргэе" гэж хэлсэн. Сүүлийн тэмцээндээ түрүүлж, сүмо бөхийн замналаа амжилттай өндөрлүүлсэн хүн болохоор баяр хүргэхийг хүссэн гэсэн.
ТЭРҮНОФҮЖИТЭЙ ХЭРХЭН БАРИЛДВАЛ ЗОХИСТОЙ ВЭ?
-Кюүшюүд ёкозүна Тэрүнофүжи түрүүллээ. 14 дэх өдөр Абиг давж, түрүүлэх болзлоо хангасан. Та энэ барилдааныг хэрхэн харж байна вэ?
-Абигийн тачиай их сайн байсан. Тэр бүх чадлаа гаргаж барилдсан. Тэрүнофүжи Нагоя башётой харьцуулахад биеийн булчин хоёр, гурав дахин том болсон юм шиг санагдсан.
Тэрүнофүжи шахаж, дайрсан болохоор Аби унасан. Энэ дайралтыг зогсоох хүн одоогоор алга.
-Тэрүнофүжи энэ жилийн 6 тэмцээний дөрөвт нь түрүүлж, бусдаасаа тасарсан харагдаж байна. Түүнтэй ер нь яаж барилдвал дээр вэ?
-Халз тулбал хэн ч Тэрүг ялж чадахгүй. Бүтсэн ч, бүтээгүй ч хажуунаас нь дайрч, гүйхээс өөр арга байхгүй гэж бодож байна.
-Магаки ояката ямар хүчтэй сайн бөх төрүүлэх бол гэж бүгд хүлээж, найдаж байгаа...
-Бөхийн өргөөг шуугитал нь барилддаг бөх төрүүлмээр байна. Тэгвэл аяндаа озэки, ёкозүна болно. Хүчтэй сайн шавь гаргах хүсэлтэй.
Сэтгэгдэл ( 2 )
гоё гоё, сайхан ярилцлага болж, үнэхээр хэн ч рекордыг нь эвдэж чадахгүй домог болсон аварга шүү
saihan yriltslaga baina