Арабын ертөнц алаг бөмбөгөөр “дайтаж” байна

Админ | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Катарт эхэлсэн "2021 FIFA Arab cup" тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн найман багийн нэрс тодроод байна. ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны ивээл доор анх удаагаа зохиогдож буй ч Ази болон Африкийн араб үндэстэн 23 орны шигшээ баг оролцдог энэхүү тэмцээн өмнө нь 9 удаа зохиогдож байсан билээ. Ирэх жил Арабын ертөнцөд анх удаа зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий сорилго болгон энэ жил ФИФА ивээлдээ авсан хэрэг. Ердөө жил хүрэхгүй хугацааны дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч , зохион байгуулах Катарын 4 хотын 6 цэнгэлдэх хүрээлэнд "Арабын цом -2021" явагдаж буй агаад Катар улс нэг ёсондоо урьдчилсан шалгалтаа өгч байгаа гэхэд болно.

Цэнгэлдэхүүд бол үнэхээр гайхамшигтай, ёстой л нэг техник, технологийн дэвшил, хөгжил харуулсан, мөнгөөр " зодож" , барьсан, мөн уламжлал ёс заншилаа шингээсэн , харуулсан цэнгэлдэхүүд баригджээ.

Хэсгийн тоглолтууд онц сонирхолтой, багуудын ур чадвар ойролцоо учир урьдчилан таамаглахад "барьцгүй"  ширүүн байлаа.

Ази тивийн шилдэг багууд болох Саудын Араб, Ирак, Бахрейн хэсгээсээ шалгарч  чадаагүй бол Катар, Марокко улсын шигшээ баг нэг ч оноо алдсангүй, хасагдах шатанд шалгарлаа.

Ялангуяа Катарын шигшээ бол ирэх жил нутагтаа болох ДАШТ-д "амны бөх" биш байна гэдгээ харуулсан тоглолт үзүүлж байна даа.

Арванхоёрдугаар сарын 10-нд Тунис-Оман, Катар-АНЭУ, арванхоёрдугаар сарын 11-нд Египет-Иордан, Марокко-Алжирын шигшээ багууд халз тоглох бөгөөд хагас шигшээ тоглолт арванхоёрдугаар сарын 15-нд, медалийн төлөө  болон шигшээ тоглолт арванхоёрдугаар сарын 18-нд болно.

Шигшээ тоглолт "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт болох Эль Хаур хотын "Эль Байт" хэмээх шинээр баригдсан 60 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top