ЭМГЭНЭЛ I Дурангийн ГЭНЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09


(1953 - 2021)


Спортын ахмад сэтгүүлч Дуран овогтой Гэнээ нь 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын спортын сэтгүүлзүй, гэр бүл, төрөл төрөгсөд, үр ач, олимпийн анд нөхөд, хамтран зүтгэгчид бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Дурангийн Гэнээ нь 1953 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд айлын удаах хүү нь болон төрж , улмаар  1968 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсч , 17 жилийн турш боловсролын салбарт бага ангийн багш, арга зүйч, зөвлөх багш, хичээлийн эрхлэгчээр тус тус үр бүтээлтэй хөдөлмөрлөж байлаа.

Спортын сурвалжлагч Д.Гэнээ 1988 оноос Монголын Радио телевизийн улсын хороо, Монголын Радио телевизийн хэрэг эрхлэх газрын гадаад харилцааны алба, мэдээллийн редакц, “Хурд” агентлагт мэргэжилтэн , редактор, сурвалжлагчаар ажлын гараагаа эхлэн,  эх орныхоо спортын түүх, олимпийн замнал, бүх төрлийн тэмцээн уралдаан, үндэсний их баяр наадам, цаг үеийн  сурвалжлага, мэдээ мэдээллийг  олон түмэндээ радио долгионоор шуурхай хүргэж байсан нэртэй сэтгүүлч билээ.

Бусан-1997, Осака-2001, Хонгконг-2009 Зүүн Азийн наадам, Бусан-2002 Азийн зуны спортын XIV наадам, ОХУ-ын Якутск-2004  "Азийн хүүхдүүд" олон улсын спортын наадам, Чита дугуйн олон өдрийн уралдаан, ӨМӨЗО Хөх хотод хийсэн албан айлчлал зэргийг  халуун цэгээс нь нь сурвалжилсан арвин туршлагатай нэгэн.

Дурангийн Гэнээ нь Москва-1980 олимпийн сэдэвт асуулт хариултын уралдаанд түрүүлж, Зуны ХХII олимпийн наадмын хүндэт зочноор уригдсан төдийгүй 2004 онд ОУОХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит "IOC Trophy "цомоор шагнуулсан нь түүний спорт , олимпийн хөдөлгөөн , сэтгүүлзүйд оруулсан хувь нэмрийг нь дэлхийн түвшинд өндрөөр үнэлсний тод илэрхийлэл мөн.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS)-ны гишүүн Дурангийн Гэнээ нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний албыг хашиж, Радиогийн спорт мэдээллийн редактор, “Таван цагариг” сонины идэвхтэн, сурвалжлагчаар ажиллаж байсан он жилүүддээ спорт сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж, өөрийн гэсэн өвөрмөц орон зайтай, ёс зүйг дээдэлдэг хэвлэл мэдээллийн шилдэг нийтлэлч, олимпизмийн зүтгэлтний эгэл жирийн, эвсэг найрсаг дүрээрээ олон түмэнд үүрд дурсагдах нь дамжиггүй. Тэрбээр спортын удирдах дээд байгууллага МҮОХ, БТСУХ, Спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдыг спортын сэтгүүлзүйтэй нягт, ухаалгаар холбож чаддаг гүүр нь байсан юм.

Төр засгаас Дурангийн Гэнээгийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, МҮОХ-ны “Олимпийн алдар”, “Алтан Очир” одон, 40, 50 жилийн ойн медаль, Биеийн тамир спорт үүсч хөгжсөний 80, 90 жилийн ойн медаль, Хэвлэл мэдээлэл, Биеийн тамир спорт, Радио телевизийн салбарын "Тэргүүний ажилтан" цол тэмдэг, МРТХЭГ-ын хүндэт жуух болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт" медаль“, Алтан гадас” одонгоор тус тус шагнаж урамшуулсан.

Таны  хүнлэг сайхан сэтгэл, даруу төлөв, хөдөлмөрч нөхөрсөг зан чанар Монголын олимпийн хөдөлгөөн, радио, спорт сэтгүүлзүйн салбарын түүхэнд тод хувь нэмэр, гэгээн дурсамжаа үлдээж, бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хоногшин үлдэх болно.
 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН СПОРТЫН ХОЛБООД

2021 оны 12 сарын 08

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top