Их аварга Хакүхо 5 амжилтаар ГИННЕСИЙН НОМД бичигдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Японы сүмо бөхийн холбооноос “Их аварга Хакүхо буюу Магаки оякатагийн таван түүхэн амжилт Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдлээ” гэж зарлалаа.

Рекорд амжилтын албан ёсны баримтыг энэ сарын 3-нд Кокүгикан ордонд гардуулан өгсөн байна. Хакүхо ёслолын үеэр “Бөх сонирхогчид, фэнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Та нарын ач гавьяа юм шүү. Цаашдаа Гиннесийн рекорд тогтоох шавь төрүүлэх хүсэлтэй” гэж талархал дэвшүүллээ. Сүмогийн холбооноос Хакүхогийн рекорд амжилтын албан ёсны бүртгэлийг ирэх нэгдүгээр сарын тэмцээний үеэр Сүмо бөхийн музейд тавьж, олны хүртээл болгох гэнэ.

Энэ жил Хакүхогийн тогтоосон 5 амжилт:

1, Дээд зиндаанд түрүүлсэн тоо - 45

2, Ёкозүна цолтой барилдсан башё - 84

3, Дээд зиндаанд байгуулсан ялалтын тоо - 1093

4, Мэргэжлийн сүмод байгуулсан ялалт - 1187

5, Дээд зиндаанд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн тоо - 16

Хакүхо 2015 онд 33 дахь түрүүгээ авч, ёкозүна Тайхогийн 32 түрүүг даваад, анх Гиннесийн номд бүртгэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top