Снайдер Садулаевын гэрт зочиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

АНУ-ын олимпын аварга Кайл Снайдер өөрийн гол өрсөлдөгч ОХУ-ын бөх, олимпын хошой аварга Абдулрашид Садулаевын төрсөн нутаг Дагестанд зочилж, кавказ түмний зочломтгой занг өөрийн биеэр үзэж мэдэрчээ.

Кайл Снайдер "Гран-при "Москва" – Кубок АЛРОСА" тэмцээний дараа ОХУ-д ирсэн. Түүнийг Садулаев угтан авч, Москва голоор усан онгоцтой аялжээ.

Онгоцонд тэднээс гадна Хажимурат Гацалов, Заур Угуев, Заурбек Сидаков гэсэн олимпын аваргууд байлаа. Снайдер жингийнхээ өрсөлдөгч Садулаев, Гацалов нарт борцовк бэлэглэжээ.

Снайдерын Орос дахь аяллын гол хөтөлбөр мэдээж Дагестан байлаа. Тэрээр “Дагестан бөхчүүд яагаад ийм хүчтэй байдгийг ойлгохын тулд Орост очихыг хүсэж байна” гэж олон удаа ярьж байсан юм. Дагестаны тэргүүн Сергей Меликовтой хийсэн уулзалтад түүнтэй хамт Садулаев, Туркийн багт барилдаж байгаа Калой Кортоев нар байлцлаа. Дараа нь тэд хөлбөмбөгийн хандивын тэмцээнд очиж, олимпын хошой аварга Мавлет Батировтой уулзлаа. Кайл дараа нь Каспийскт Курамагомед Курамагомедовын сургуульд хамтарсан бэлтгэл хийсэн байна.

Ингээд нисдэг тэргээр Садулаевын төрөлх Цуриб тосгонд очжээ. Энд Кайл салхинд гарч, Дагестаны уулын гайхамшгийг үзээд, рашаан ус ууж, лезгинка бүжиг бүжиглэж сурлаа. Цуриб тосгонд хамгийн сонирхолтой зүйл болсон нь Садулаевын өвөө Снайдерыг ногооны талбайдаа аваачиж, газар хагалуулжээ. Бөх сонирхогчид Риогийн олимпын дараа Садулаев өвөөгийнхөө ногооны талбайд ажиллаж байгаа зургийг сайн санаж байгаа байх. Өрсөлдөгчөө яагаад хүчтэй байгааг мэдэх гэж ирсэн тул Кайл ч гэсэн газар хагалсан байна. Мөн Жигит болгож, нөмрөг, папах малгай бэлэглэжээ. Ингээд бараг дагестан хүн болсон Кайл Абдулрашид Садулаевын нэрэмжит сургуульд очиж, мастер-класс хийхдээ SADULAEV гэсэн бичигтэй цамц өмссөн байсан гэнэ.

Өнөөдөр Хасавюртэд олон улсын чөлөөт бөхийн тэмцээнтэй. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд ОХУ, АНУ, Литва, Латви, Гүрж, Польш, Беларусь, Азербайжан, Кыргызстан, Румын, Их Британи, Узбекистан, Тажикистан, Турк, Унгарын бөхчүүд оролцоно. Хамгийн алдартай оролцогч нь Кайл байх юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн үг(66.181.161.75) 2021 оны 12 сарын 11

Жинхэнэ бөхийн помгууд цугларчээ.

0  |  0
Top