Украины депутат, сонгомол барилдааны олимп, дэлхий, Европын наадам, тивийн аварга Жан Беленюк өөрийн дотоодын гол өрсөлдөгч Семён Новиковын иргэншлээ сольсон талаарх сэтгэгдлээ сэтгүүлч нарт ярьсан байна.
Семён Новиков, Жан Беленюк хоёр Токио олимпын шигшээ багт орох эрхийн төлөө өрсөлдөөд олон нийтийн сүлжээгээр удаан маргалдсан. Новиков халз барилдаан хийхийг шаардсан ч Украины бөхийн холбоо зөвшөөрөөгүй. Олимпын дараа мөрөндөө гэмтсэн Новиков холбооноос ямар ч тусламж үзүүлээгүй гэж зарлаад гадаад орны нэр дээр барилдах болсон юм. Болгарын спортын хэвлэл өчигдөр Семён Новиков Болгарын паспорт авсан талаар мэдээллээ.
Жан Беленюк "Хүн болгон амьдралын замаа өөрөө сонгох эрхтэй. Надад олон санал ирж байсан. Болгар, Орос, Хятад, бүр Руандагаас ч иргэншлээ солиод хүрээд ир гэж байлаа. Хамгийн хачирхалтай санал нь булаан эзлэгчдийн түрэмгийлээд байгаа Крым байлаа. Иргэншлээ солиход өндөр шагналаас гадна сар бүрийн өндөр цалин, олон улсын тэмцээнд түрүүлбэл маш их мөнгө амлаж байсан. Гэхдээ би тэр үед мөнгөөр сольж болдоггүй зүйл байдгийг ухаарсан юм. Би гадаад орны төлөө хэзээ ч барилдахгүй. Тэмцээн уралдаанаас эх орондоо харьж ирэхдээ өөрийгөө эх нутагтаа ирлээ гэж бодох шиг аз жаргал байхгүй. Медаль авсны баяраа эх орондоо хийх шиг сайхан зүйл гэж үгүй. Би одоо эх орондоо сайхан байна. Гэхдээ Семёнд шинэ шигшээ багтаа амжилт гаргахыг хүсэн ерөөе. Магадгүй Парист тааралдах ч юм билүү” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )