ОУОХ: AIBA холбооны гишүүнчлэлийг 2023 онд сэргээж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Өчигдөр ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болж, Олон улсын сонирхочгдын боксын холбооны (AIBA) гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцлээ. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах хуралдааны дараах хэвлэлийн бага хурал дээр “Тодорхой зарим болзол, нөхцлийг биелүүлсний дараа AIBA холбооны гишүүнчлэлийг сэргээх асуудлыг 2023 онд хэлэлцэж болох юм. Гэхдээ тус холбооны удирдлага, санхүү, шүүлтийн шинэчлэл зэрэг бүх асуудлаа шийдсэн байх ёстой. Энэ асуудлуудыг шийдвэрлэх гарцыг ОУОХ зааж өгнө. Орлого, зарлага тодорхой, шүүлтээ өөрчилж байж, бид 2024 оны Парисын олимпын эрхийн тэмцээнүүдийг зохион байгуулах эсэхийг тогтооно” гэж мэдээллээ.

ОУОХ-ноос 2019 онд AIBA холбооны гишүүнчлэлийг зогсоосон. Токиогийн олимпын хөтөлбөрөөс боксыг хасаагүй ч боксын тэмцээнийг ОУОХ-ны тусгай комисс зохион байгуулсан билээ.

AIBA холбоо ОУОХ-ны талархалтайгаар хүлээн авч байгаагаа мэдэгдсэн. Мэдэгдэлд “Манай холбоо боксыг олимпын хөтөлбөрт үлдээсэн шийдвэрийг хүлээн авлаа. 2028 оны олимпод ч орох зам нээлттэй боллоо. Одоо манай холбооны хийх ёстой ажил бол 2023 он хүртэл шинэчлэлээ бүрэн дуусгах явдал. ОУОХ манай холбооны шинэчлэлийн ажлыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл нь энэ шийдвэр байлаа. 2024 оны Парисын олимпын болон эрхийн тэмцээнийг AIBA холбоо зохион байгуулахын төлөө ажиллах болно” гэж дурджээ.

Энэ сарын 12-нд AIBA холбооны ээлжит бус чуулган болно. Энэ чуулганаар ОУОХ-ны шийдвэрийг хэлэлцэх юм. Харин AIBA-гийн Захирлуудын зөвлөлийн сонгууль 2022 оны зургаадугаар сарын 30-нд явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top