БНСУ-ын аймшигт гэмт хэрэгтнүүдийн нэг, бяцхан охины амьдралыг үүрдийн там болгон хувиргасан Чо Ду Сун жилийн өмнө шоронгоос суллагдсан билээ.
Хэрэгтэн 12 жилийн ялаа эдэлж дуусаад суллагдсан ч нийгмийг айдаст автуулсан хэрэг нь хэзээ ч мартагдахгүй. 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд түүнийг суллагдахад БНСУ даяар эсэргүүцэж, онц ноцтой гэмт хэрэгтнийг суллах ёсгүй байсан гэж үзэж байв.
Чо Ду Сун цагдаагийн байгууллагын байнгын хяналтан дор, аймшигт хэргээ үйлдсэн дүүрэг дэх гэртээ амьдарч байна. Тэрбээр ажил олдохгүй байгаагийн улмаас төрөөс ядууст зориулсан тэтгэмж авах хүсэлт гаргажээ. Гэмт хэрэгтэн байсан түүнд олон нийтийн үзэн ядалт, архаг өвчнөөс болж ажил олдохгүй байгаа аж.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар Чо Ду Сунд төрөөс ядууст зориулсан тэтгэмж олгоход татгалзах шалтгаан байхгүй гэнэ. Тэрбээр сард ойролцоогоор 1.2 сая вон авах аж. Энэ нь БНСУ-д хоёр ам бүлтэй ядуу гэр бүлд олгох төрийн тусламжийн доод хэмжээ юм.
Аймшигт хэргийг сөхвөл
Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Ансан хотод 2008 онд болсон аймшигт хүчирхийллийн хэрэг дэлхийг сэртхийлгэсэн юм. Уг хэргийн талаар хийсэн “Hope” хэмээх уран сайхны киног ч дэлхий нийтээрээ зүрх шимшрэн үзсэн. Нэгэн өглөө хичээлдээ явж байсан найман настай Со Вон (БНСУ-ын хэвлэлүүд охины нэрийг нууцалж, хэргийн талаар На Ёны хэрэг гэж бичдэг. Охиныг мөн Со Вон гэж нэрлэдэг ч түүний жинхэнэ нэр биш юм) охиныг 57 настай Чо Ду Сун гэгч согтуу эр зэрлэгээр хүчирхийлжээ. Охины эд эрхтэн гэмтэж, насан туршдаа гуурстай амьдрах болсон юм.
Гэмт хэрэгтэн охиныг сүмийн дэргэдэх хаягдсан нийтийн бие засах газарт хүчирхийлж, эсэргүүцсэн гэж зодож, боож, бие засах газарт живүүлэхийг оролджээ. На Ёныг амьсгал хураахад тун ойрхон байхад нь олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн юм. Найман цаг үргэлжилсэн мэс заслын дараа нөхөн сэргээх үйл явц удаан хугацаанд өрнөсөн ч эмч нарын хэлснээр охины биед насан туршид эдгэхгүй гэмтэл учирчээ.
(Охины зургууд нь "Hope" киноны зураг юм)
Бяцхан охины амьдралыг там болгон хувиргасан гэмт хэрэгтэн Чо Ду Сун 12 жилийн ялаа эдэлж дуусаад суллагдлаа!!! Түүнийг суллагдахаас өмнө гэрийнх нь ойролцоох 1 км зайд хаа сайгүй хяналтын камер суулгаж, хянагчийн байр бий болгожээ. Түүний зургийг онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг зарладаг сайтад таван жилийн турш байршуулж, хөдөлгөөн бүрийг нь хянах юм. Чо Ду Суныг суллагдахад хүмүүс эсэргүүцэн хашгирч, цар тахлын нөхцөл байдлыг ч үл харгалзан олноороо бөөгнөрөн дургүйцлээ илэрхийлж байсан билээ.
Удаа дараагийн хэрэг...
Бяцхан охиныг аймшигтайгаар хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг цагдаа нар гурав хоногийн дараа баривчилсан юм. Гэмт хэрэгтэн өмнө нь бэлгийн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт 17 удаа холбогдож, 1983 онд хүчингийн хэргээр гурван жилийн хорих ял сонсож байжээ.
Охины ар гэрийнхэн түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхийг хүсэж, солонгосчууд дуу хоолойгоо нэгтгэн цаазын ял шаардаж байлаа. Тухайн үед 400 мянга гаруй хүн гэмт хэрэгтнийг цаазлуулахыг хүсэж, гарын үсэг цуглуулсан юм. Шүүх 2009 онд Чо Ду Сунд 12 жилийн ял оноосон нь түүний хийсэн хэрэгт дэндүү багадсан ял байв. Хэрэгтэн согтуу байсан, хийсэн хэргээ санахгүй байна гэж мэдүүлж байжээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хөдөлгөөн өрнүүлж, тухайн үед Ерөнхийлөгч байсан Ли Мён Бак ч охиныг хамгаалан дуу хоолойгоо өргөж байв.
Охины гэр бүл нүүв
На Ёны эцэг эх гэмт хэрэгтний өмгөөлөгчийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлж, охиныг нь сэтгэцийн өвчлөлд хүргэсэн гэжээ. Мөн охиныг мэс заслын дараа шууд удаан хугацаагаар байцааж, хэргийн талаар дөрвөн удаа давтан ярихад хүргэж, эмнэлэгт хүмүүсийн дэргэд байцаасан гэж гомдол мэдүүлсний дараа БНСУ-ын Ерөнхий прокурор На Ёны эцэг, эхээс олон нийтийн өмнө уучлалт гуйж байлаа.
Энэ хэргээс есөн жилийн дараа 2017 онд БНСУ-д Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бэлгийн хүчирхийлэгчийг шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Хэрэгтэн суллагдаад охины амьдардаг дүүрэгт байдаг гэртээ амьдрах хүсэлт гаргасан тул На Ёны гэр бүл өөр дүүрэг рүү нүүжээ.
Байж болох хамгийн аз жаргалтай төгсгөл
Өмнөд Солонгост хүчирхийлэгчийг шийтгэх хуульд өөрчлөлт оруулахад, олон нийтийг ухааруулахад “Hope” кино ихэд хувь нэмэр оруулсан гэгддэг. БНСУ-ын найруулагч Ли Чон Ик энэхүү аймшигт хэргийн талаар өгүүлэх "Hope" киног 2013 онд хийсэн билээ. Тэрбээр "Аймшигт явдал нэгэнт болсны дараа охины гэр бүл өмнөх аз жаргалаа хэрхэн эргүүлж олж авах тухай, бие болон сэтгэлзүйн хүнд гэмтэл авсан охины амьдралыг байж болох хамгийн аз жаргалтайгаар харуулахыг хичээнэ" хэмээн киноныхоо талаар ярьж байжээ.
Охины аавын дүрд тоглосон жүжигчин Соль Гён Гу дүрээ амьдруулахын тулд кинонд гардаг хувцсаа удаан хугацаанд өмсөж явсан бол охины ээжийн дүрийг бүтээсэн Ом Живон эхлээд өөрийгөө энэ хүнд дүрд тоглох хэмжээний хангалттай авьяасгүй гэж үзэн татгалзсан байдаг. Гэвч тэрбээр кино зохиолыг уншаад тоглохоор зориглон шийдсэн гэдэг. Ом Живон “Энэ аймшигт түүхийг заавал хүмүүст ярьж өгөх хэрэгтэй учраас зориг гарган Со Воны ээжийн дүрийг бүтээсэн” гэжээ.
Ийнхүү аймшигт түүхийн талаар байж болох хамгийн аз жаргалтай дүрслэлийг өгүүлсэн "Hope" кино бүтсэн юм. Хүмүүст уг түүхийг мэдүүлж, хүчирхийллийн эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэлхийг сэртхийлгэж, хүмүүсийг сэрээсэн энэхүү кино хоёр жилийн турш БНСУ-ын болон Олон улсын кино наадмаас нийт есөн шагнал хүртсэн.
Сэтгэгдэл ( 3 )
yaaj shiitgeheere iim hargis heregt 12 hon jil ugdug bna lol
Солонгосын хууль муу юм байна. ядаж 20 жил өгөх ёстой . цаазын ялаа устгасан улс бололтой
Solongosiin huuli bas muu ium bnoo. 12han jil uguud baihdaa yahav dee.