Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж(9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх болсныг бид өмнө нь мэдээлсэн.
Өнгөрсөн долдугаар сард Төгсөө маань WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан билээ.
Харин энэ удаа манай Төгсцогтын өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь өдгөөгөөс 10жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж( 9 КО) , нэг ялагдсан амжилттай боксчин байна.
Пасильяс өнгөрөгч нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа.
2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан хоёр боксчин ийн тулалдахаар болжээ. Хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно.
Төгсцогт-Пасильяс нарын тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel& Casino , spa" цогцолборт болох бөгөөд энэ үдшийн Co-main event юм.
Энэ үдшийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель (31 ялалт, 1 ялагдал) болон Филиппиний Марк Магсайо ( 23-0) нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.
Мөн энэ үдэш домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд (8-0) рингэнд Гэри Рассель, манай "King Tug" нарын өмнө тулалдах аж.
Тулааныг Америкийн SHOWTIME тв суваг шууд дамжуулан үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )