Кеннедигийн аллагын талаарх шинэ материалуудыг ил болгов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

АНУ-ын эрх баригчид АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагатай холбоотой шинэ материалуудыг олон нийтэд ил болгожээ.

Өнөөг хүртэл нууцын зэрэглэлд хамаарч байсан нийт 1.5 мянга орчим баримтыг АНУ-ын Үндэсний архивын газрын цахим хуудсанд нийтэлсэн байна. Тухайлбал, Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо, Төрийн департамент, Пентагоны бэлтгэсэн олон мянган хуудас тэмдэглэл, мөрдөн шалгалтын тайлан зэрэг багтжээ. Эдгээр материал дотор хуучин ЗХУ-тай холбоотой баримтууд нэлээд орсон нь тухайн үед Москва энэ аллагатай холбоотой эсэх хувилбарыг АНУ-ын тагнуулын албад шалгаж байсныг илтгэж байна.

1992 онд Үндэсний архивын газраас бүрдүүлсэн Жон Кеннедигийн аллагатай холбоотой таван сая хуудас материал цуглуулжээ. Эдгээрийн ихэнх хэсгийг 1990-ээд оноос хойш олон нийтэд ил болгосон байна. Гэсэн хэдий ч сая нийтэлсэн хэд хэдэн баримтын зарим бүлэг, хэсгийг дарсан байсан нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж Үндэсний архивын газар тодруулжээ. Ирэх онд тус газар холбогдох төрийн агентлагуудтай хамтран мэдээллийг үргэлжлүүлэн судалж, баримтуудын үлдсэн хэсгийг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд ил болгохоор төлөвлөж байна.

Жон Фицжералд Кеннеди 1917 оны тавдугаар сарын 29-нд Массачусетс мужийн Бруклайн хотод төржээ. Тэрээр 1960 онд 43 насандаа АНУ-ын хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Кеннедийг Цагаан ордныг тэргүүлэх хугацаанд Берлиний хямрал, Карибын хямрал болж, АНУ Куба улсад Фидель Кастрогийн засгийн газрыг унагах оролдлого хийж, Өмнөд Вьетнам руу цэргээ илгээж байжээ.

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Кеннеди Техас мужийн Даллас хотод айлчлах үеэр буудуулж, амиа алдсан юм. Гэмт хэргийн мөрөөр байгуулагдсан засгийн газрын комисс аллагыг Ли Харви Освалд ганцаар үйлдсэн гэсэн дүгнэлт гаргаж байв. Тус комиссын дүгнэлтийг үл зөвшөөрсөн, аллагын талаарх хэд хэдэн хуйвалдааны онол байдаг ч аль нь ч нотлогдоогүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top