АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас олон нийтэд ил болгосон АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагыг мөрдөн шалгахтай холбоотой 2000 гаруй архивын материал тус улсын түүхэнд болсон томоохон үйл явдлын тухай шийдэгдээгүй бүх асуултад хариу өгсөнгүй. Гэхдээ энэ удаад олон нийтийн хүртээл болгосон нууцын зэрэглэлтэй байсан материалууд ямар нэгэн цензургүй, балласан үг өгүүлбэргүйгээр эх хувиараа нийтлэгдсэн нь олзуурхууштай байв.
АНУ-ын засгийн газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагаанаас үзвэл аллагыг үйлдсэн гэх нэгэн цагт тэнгисийн явган цэрэг асан мөн ЗХУ-д орогнол хүсэж байсан Ли Харви Освалд Кеннеди руу буудахдаа хэргийг ганцаар үйлджээ.
Аллага болсноос хойш 60 жилийн дараа ч гэсэн энэ хэрэг хуйвалдааны онолын адил олон асуултыг төрүүлсээр л байгаа бөгөөд сүүлд ил болсон материалууд ч үүнийг өөрчилж чадахгүй л болов уу. Гэхдээ сонирхол татсан хэд хэдэн асуудал бий.
Освалдын тухай
Хэд хэдэн шинжээч нууцын зэрэгтэй материалуудыг нийтэлснийг тунгалаг байдлыг хангах чиглэлд хийсэн нэг алхам гэж дүгнэв. Өмнө нь олон мянган баримтыг ил болгож байсан ч хэсэгчлэн хянан засварласан байжээ. Зарим баримтуудыг эрх баригчид үндэсний аюулгүй байдалтай холбон огт нийтэлдэггүй байсан.
Шинэ баримтуудын ихэнх нь өмнө нь нийтлэгдэж байсан ч өдгөө эх хувилбараараа, бүрэн эхээрээ ил болж байгаа нь энэ. Шинжээчид эдгээрийг судалж эхэлсэн ба шуугиан тарихуйц содон мэдээлэл байсангүй.
Харин “Washington Post” хэвлэлийн сэтгүүлч асан, “JFK Facts” блогийн редактор Жефферсон Морли үүнийг 1990-ээд оноос хойш Кеннедигийн тухай гарч байсан хамгийн гайхалтай мэдээ гэж үзэж байна. “Хэд хэдэн чухал баримтууд олны хүртээл болсон” гэжээ.
Морлигийн ярьснаар, баримтууд Тагнуулын төв газар Освалдыг нарийн мөрдөж байсныг илчилж байна. Аллага болохоос өмнө Тагнуулын төв газар түүнд ихээхэн анхаарал хандуулж байсан нь тодорхой болов.
2013 онд аллагын талаар ном гаргаж байсан Филип Шенон Associated Press агентлагт ярихдаа, өмнө нь ил болж байсан материалд Освалд аллага болохоос хэдэн сарын өмнө буюу 1963 оны есдүгээр сард Мексик руу явж байсан талаар дурддаг. Шеноны үзэж буйгаар, тухайн үед Тагнуулын төв газар түүний араас ажиглалт хийдэг байжээ. “Тэр Мехикод Кеннедийгийн амь насыг хөнөөх талаар ил ярьж байсныг хүмүүс сонссон гэж үзэх үндэслэлтэй” гэж Шенон тодруулсан байна.
1975 оны дөрөвдүгээр сард нийтэлсэн Тагнуулын төв газрын албан тэмдэглэлд Освалдын Мехико руу хийсэн аяллын талаарх мэдээллийг дутмаг харуулжээ. Тагнуулын төв газар Освалдын Зөвлөлтийн элчин сайдын яамны хамгаалагчтай гурван ч удаа утсаар ярьсан яриаг бүртгэсэн ч Освалдын талаар нэг л удаа дурддаг байна.
Тагнуулын арга барилыг илчлэв
Хэд хэдэн баримт Жон Кеннедигийн Тагнуулын төв газартай хэрхэн харилцдаг байсан, тагнуулын мэдээллийг хэрхэн цуглуулдаг байсныг ил болгов. Үүнээс хүйтэн дайны үеийн ажиллагааны талаар тодорхой ойлголтыг агч болно.
Саяхан нийтлэгдсэн файлуудад Кеннедигийн туслах Артур Шлезингерийн бичсэн тэмдэглэлийг бүрэн эхээр нь танилцуулжээ. Тэрээр Тагнуулын төв газар болон гадаад бодлогыг тодорхойлоход тус байгууллагын гүйцэтгэж буй үүргийг шүүмжлэн бичихдээ, тус агентлагийн Франц зэрэг холбоотон хүртэл орнууд дахь АНУ элчин сайдын яамдад ихээхэн оролцоотой болохыг тэмдэглэн үлдээжээ.
Хэдийгээр энэхүү илтгэх хуудас аллагад шууд холбоогүй ч ерөнхийлөгч, тагнуулын албад хоорондын төвөгтэй харилцаатай байсныг дэлгэрэнгүй бичсэн байна.
Тагнуулын төв газар шуурхай мэдээллийг нийтлэхийн эсрэг байр суурьтай байгааг Тагнуулын төв газар, ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлаарх шинжээч, Виллановын их сургуулийн профессор Дэвид Барретт онцолжээ. Засгийн газар эдгээр баримтыг нийтэлснийг тэрбээр сайшаасан байна.
Нэг материалд рентген туяаны сканер ашиглаж байсан талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Энэхүү аргыг Тагнуулын төд газрын байруудад микрофон суурилуулсан эсэхийг илрүүлэхэд ашигладаг байжээ.
Өөр нэг баримтад дурдсанчлан, Тагнуулын төв газар утасны бүхээгийг зөвхөн хэт ягаан гэрэлд харагддаг будгаар тэмдэглэх систем ашиглаж байжээ. Эл материалд ерөнхийлөгч Ричард Никсоныг огцроход хүргэсэн алдарт Уотергейтийн цогцолборт нэвтэрсэн гэдгээрээ алдаршсан Жеймс Маккордын нэр дурдагдсан нь анхаарал татаж байна.
Хуучин онолууд дахин амилав
Эдгээр материалууд нийтлэгдсэний дараа архивын баримтууд Кеннедигийн эсрэг зохион байгуулсан гэх эртнээс сэжиглэж байсан хуйвалдаануудын дэлгэрэнгүй мэдээллийг шинээр гаргаж тавьсан гэх мэдээлэл интернэтэд түгэх болсон. Тухайлбал, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн тагнуулын ажилтан Хари Андерхиллтэй холбоотой мэдээлэл. Тэр Кеннедигийн аллагын цаана Тагнуулын төв газрын хэсэг ажилтнууд бий гэж мэдэгддэг байжээ. Энэхүү онолыг 1967 онд “Рампартс” сэтгүүлд ил тодоор нийтэлж байсан. 1964 онд Андерхилл нас барсан бөгөөд түүнийг амиа хорлосон гэж үзсэн ч тус сэтгүүл үүнд ч эргэлзэж буйгаа бичиж байсан байна.
Энэ сарын 18-нд олон нийтийн сүлжээнд Андерхиллийн тухай долоон хуудас бүхий албаны илтгэлийн гэрэл зураг түгж эхэлсэн. Гэхдээ ихэнх нь шинэ биш. Түүний түүхийг интернэтэд эртнээс хэлэлцэж эхэлсэн. Харин түүний нэр дурдагддаг Тагнуулын төв газрын тэмдэглэлийг анх 2017 онд нийтэлж байжээ. Сүүлд нийтлэгдсэн материалуудад тус тэмдэглэлд нууцын зэрэглэлд багтсан байсан хэд хэдэн өгүүлбэрийг ил болгосон байна. Хамгийн гол нь эл онол нь Андерхиллийн үхсэнээс хойш нийтлэгдсэн бусдын үгэнд тулгуурласан бөгөөд ямар нэгэн бодит нотолгоо байдаггүй байна. Энэ түүх нь баримтууд нийтэлсний дараа дэлгэрсэн батлагдаагүй онолуудын нэг юм.
Архивын материалуудыг үнэхээр цензурдээгүй юу
1992 оны хуульд Кеннедигийн аллагатай холбоотой бүх архивын материалыг 25 жилийн дотор нийтлэхийг заажээ. Гэтэл энэ хуульд үндэсний аюулгүй байдалтай холбоотой заалтууд бий.
Олон нийтийн үнэнийг мэдэх хүсэл түүхэн дэх хамгийн нууцлаг аллагуудын нэг болох Кеннедигийн аминд халдсан хэргийн талаарх архивын материалыг аль болох олон нийтэд ил тод болгоход хүргэсэн. Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд, дараа нь Жо Байден 2023 онд багц баримт бичгийг олны хүртээл болгож байсан билээ. Харин сүүлд архивын материалуудыг ил болгох зарлиг буулгахаасаа өмнө Доналд Трамп ажилтнуудаасаа материалуудыг бүрэн эхээр нь нийтлэх чиглэл өгсөн байна. Гэсэн хэдий ч шинэ материалуудад балласан зэрэг цензур орсон нь илт.
“JFK Facts” блогийн редактор Жефферсон Морли Үндэсний архивын газар болон Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоонд Кеннедигийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой нийтлэх ёстой материалууд байсан байгааг онцолжээ.
Ирээдүйд архивын шинэ баримтууд нийтлэгдэж, эрх баригчдын амлаж байсан Роберт Кеннеди, Мартин Лютер Кингийн амь насанд халдсан хэргийн талаарх мэдээллүүд гарах л байх. Гэхдээ Жон Кеннедигийн аллагатай холбоотой асуултууд үлдэх нь дамжиггүй.
Ийм төрлийн улс төрийн аллага гарах бүрд маргаан дэгдээж, янз бүрийн хуйвалдааны онолууд төрж байдаг. Саяхны болон бусад ямар ч баримтууд үүнийг өөрчлөхгүй л болов уу гэж түүхч Барретт үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
VANXANDI BOOWN XXNO ANUSDI SEKSEER80955877
Освальдыг алсанс хүний тухай баримт байсан болов уу