АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн амь насанд халдсан хэрэг тус улсын түүхэн дэх хамгийн нарийн, нягт мөрдөн шалгасан хэргүүдийн нэг. Гэсэн хэдий ч жаран жилийн дараа ч шинэ баримтууд гарсаар.
Тун удахгүй Жон Кеннедигийн үхлийн хамгийн ойрын зайны гэрч болсон, түүний бие хамгаалагчаар ажилласан тусгай албаны агент Пол Лэндис /86 настай/-ийн дурдгатал хэвлэгдэн гарах гэж байна. Номондоо тэрбээр өмнө нь хэний ч олж мэдээгүй баримтын талаар өгүүлнэ. Кеннедийг буудсаны дараа сумыг машинаас авч, эмнэлэгт, амиа алдсан ерөнхийлөгчийн орон дээр үлдээжээ.
1960-аад оноос хойш энэ хэргийг маш сайн шалгасан тул энэ нь ач холбогдол багатай баримт мэт санагдаж болох ч хүмүүс нотлох баримтыг жижиг гэлтгүй өнөөг хүртэл цуглуулсаар байдаг гэж Лэндис чухал бөгөөд гэнэтийн баримтынхаа талаар ярьжээ.
Аллага болсноос хойших 60 жилд асар олон тооны хуйвалдааны онол гарч байсан. Тухайлбал, хэдэн хүн аллагад оролцсон, буруутан нь хэн бэ, ерөнхийлөгч агсны биед хэдэн сум байсан зэрэг таамгууд олон.
Бодит баримтууд албан ёсны хувилбараас ялгаатай гэсэн санаа бол орчин үеийн АНУ дахь хамгийн түгээмэл дэлгэрсэн хуйвалдааны онол. Зарим түүхчид Кеннедийг хөнөөсний дараа АНУ-д ард иргэдийн засгийн газартаа итгэх итгэл буурсан гэж үзэх нь ч бий.
Харин Лэндисийн түүхийн хувьд эсвэл бүх зүйлийг өөрчилнө, эсвэл юу ч өөрчлөхгүй. Энэ нь хэрхэн хандахаас л шалтгаална. Гэхдээ л түүний “Сүүлчийн гэрч” ном Кеннедигийн аллага нь америкчуудын толгойноос гардаггүй бодлыг улам хүчтэй болгох нь дамжиггүй.
“Энэ бол 1963 оны аллагын талаарх үнэхээр чухал мэдээ” гэж Лэндис дурдгат
лаа бичихэд нь тусалсан түүхч, Кеннеди судлаач Жеймс Робеналт үзэж байна.
Хуучин хэргийн шинэ баримт
Кеннедигийн аллагын гол баримтуудыг хэдийн тогтоож, олон нийт ч сайн мэддэг. 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Кеннеди, тэргүүн хатагтай Жеки Кеннеди, Техасын амбан захирагч Жон Коннали, эхнэрийн хамтаар сууж явсан кабриолет Даллас хотын Дили Плаза дүүргээр явж байхад хэд хэдэн буун дуу гарсан.
Кеннеди толгой, хүзүүндээ шархадсан бол Конналлигийн нуруунд сум тусжээ. Тэднийг ойролцоох Парклэндийн эмнэлэгт хүргэсэн. Удалгүй ерөнхийлөгч нас барсныг албан ёсоор баталсан бол амбан захирагч амьд үлдсэн.
Аллагыг мөрдөн шалгах засгийн газрын комиссын /Уоррены комисс/ тайланд ерөнхийлөгч рүү буудсан цорын ганц хүнийг Ли Харви Освальд хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү дүгнэлтийг криминалистикийн шинжилгээгээр баталсан. Освальд өөрөө аллага гарснаас хойш цагдаагийн хяналтад байхдаа удалгүй буудуулсан.
Тайланд мөн Кеннедийг ч тэр, Конналлийг ч тэр нэг л сум хэд хэдэн газарт шархдуулсан гэж дурддаг. Үүгээр нэг л хүн халдлага үйлдсэн гэх баримтыг тайлбарладаг. Энэхүү дүгнэлт “ганц сумны онол”, “шидэт сумны онол” гэж алдаршсан. Хожим нь сум Конналлигийн эмнэлгийн түрдэг орон дээр олдсон гэсэн баримт дээр тулгуурлан Уоррены комисс ийм дүгнэлт гаргасан байна.
Тухайн үед сум хэрхэн тэнд гарч ирснийг хэн ч мэдээгүй. Эцсийн бүлэгт комисс Конналлид эмч нар тусламж үзүүлж байх үед сум биеэс нь унасан гэж дүгнэсэн байна.
Албан ёсны тайланд үл итгэгчид энэхүү цорын ганц сумыг л ярьдаг. Тэд ганц сум хоёрын хоёр эр хүнийг ийм олон удаа шархдуулсан гэдэгт эргэлздэг.
Харин Лэндисийн мэдүүлэг бөмбөг дэлбэрсэнтэй адил дуулиан дагуулж магадгүй. Учир нь энэ нь хамгийн ойрын зайны хэргийн гэрчийн нотлох баримт төдийгүй “ганц сумны онол”-ыг улам адармаатай болгож байна.
Пол Лэндис юу дурсав
Аллага гарсан өдөр тухайн үед 28 настай байсан Лэндис Жеки Кеннедийг хамгаалах үүрэг авчээ.
Буун дуу гарах үед тэрбээр ерөнхийлөгч Кеннедигээс хэдхэн алхамын ойр байсан ба толгойнд нь сум тусах аймшигт мөчийн гэрч нь болжээ. Үүний дараа хүмүүс бужигналдаж эхэлсэн. Дараа дараачийн үйлдэл нь юу байсан тухай Лэндис өнгөрсөн хугацаанд зөвхөн ойрынхоо хүмүүсээс өөр хэнд ч яриагүй байна.
“New York Times” сонинд саяхан өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгчийн цуваа эмнэлэгт ирэхэд Кеннедигийн машин дотор сум байхыг харжээ. Сум ерөнхийлөгчийн сууж байсан суудлын ард зоогдсон байсан ба сувенир хайгчдаас урьтаж, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгтэй гэж үзэн авсан байна.
Лэндисийн дурссанаар, тэрбээр сумыг халаасандаа хийгээд яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн Кеннедигийн түрдэг орон дээр тавьсан байна. Тэрбээр нотлох баримт цогцсын дэргэд байх ёстой гэж үзжээ. “Хэргийн газрыг хамгаалалтад аваагүйд миний санааг зовоосон” гэж Лэндис “New York Times” сонинд ярьжээ. “Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Нотлох баримт олсондоо би айсан. Маш чухал нотлох баримт байсан тул алга болох вий гэж айсан” хэмээн тэрбээр дурсан ярьжээ.
Лэндис өөрөө энэ тухай цагдаад хэлээгүй ба албан ёсны тайланд дурдагддаггүй. Уоррены комисс түүнээс ямар ч мэдүүлэг аваагүй байна. Робеналтын ВВС агентлагт өгүүлснээр, Лэндис болсон хэргээс хойш нойргүйдэлд орсон ч ажлаа хийсээр байжээ. Тэрбээр гэмтлийн дараах хүнд хэлбэрийн стресст орж, улмаар сумны талаар мартсан байна. Олон жилийн турш Лэндис аллага болон аллагаас үүдсэн янз бүрийн хуйвалдааны онолын талаар юу ч уншдаггүй байжээ. Харин одоо тэрбээр дэлхий дахинд өөрийнхөө түүхийг ярихад бэлэн болсон гэж Робеналт тодруулсан байна.
Нууцлаг сум
Лэндисийн түүх “ганц сумны онол”-д эргэлзэхэд хүргэж байна гэж Робеналт үзэж байна.
Лэндис өөрөө, машинаас авсан сум нь амбан захирагч Конналлигийн хэвтэж байсан түрдэг орон дээр олсон сум гэж үзэж байна. Түүний бодлоор, сум Кеннедигийн нуруунд гүн биш тусаж, машинд унасан. Хэрэв Лэндисийн энэ бодол зөв бол Конналли, Кеннеди хоёрыг нэг л сумаар шархдуулаагүй байж магадгүй.
Одоо Освалд ганцаараа халдлага үйлдсэн үү гэдэг асуулт маргаан дэгдээж магадгүй гэж Робеналт түүхч үзэж байна. “Учир нь Освалд ганцаараа винтов буугаар ийм хурдан хоёр удаа буудаж чадах уу?” гэж Робеналт тодруулсан байна.
Харин Лэндисийн түүхэд шинжээчид, тэр дундаа аллагын хэргийн өдөр түүнтэй хамт ажиллаж байсан хамтрагч нь эргэлзэж байна.
Тусгай албаны ажилтан асан Клинт Хилл ерөнхийлөгчийг хамгаалахын тулд машинд нь үсрэн орсон үйлдлээрээ алдаршсан нэгэн. Тэрбээр Лэндисийн түүхэнд үл итгэнэ. Хилл “NBC” сувагт өгсөн ярилцлагадаа “Бүх нотлох баримт, мэдэгдэл, болсон үйл явдал түүний түүхтэй тохирохгүй байна. Түүний яагаад ч юм ерөнхийлөгчийн орон дээр сум тавьсан үйлдэл нь ямар ч логикгүй” гэж ярьжээ.
Харин “Хэрэг хаагдав: Ли Харви Освальд ба Жон Кеннедигийн аллага” номын зохиолч Жералд Познер Лэндисийн түүх эсрэгээр “ганц сумны онол”-ыг бараг нотолж байна гэж үзжээ. “Хүмүүс өдгөө сум яагаад Конналлигийн орноос олдсоныг мэдэх боллоо” гэж Познер хэлээд Лэндисийн ярьсан зүйлд нухацтай хандах учиртай гэсэн байна. Гэхдээ 60 жилийн дараа тэрбээр бүх зүйлийг тийм нарийн санана гэдэгт эргэлзжээ. Жишээ нь яаралтай тусламжийн тасагт байсан хүмүүсээс хэн нь ч Лэндис байсан тухай дурдаагүй гэдгийг Познер сануулсан байна. Лэндис өөрөө цагдаад ирж, мэдүүлэг өгөөгүй нь хачирхалтай гэжээ.
Лэндисийн түүх Кеннедигийн аллагыг тойрсон оньсогуудын тоог нэмэх эсвэл баримтыг нотлох эсэх нь чухал биш. Эцсийн эцэст энэ бол Кеннедигийн аллага. Лэндисийн дурдгатал Америкийн үндэсний эмгэнэлийн талаарх хэзээ ч үл дуусах маргаанд гал л нэмнэ.
Энэ хэргийг хүмүүст 100 хувь сэтгэл ханамжтай илрүүлэх боломжтой юу? Познер боломжгүй гэж үзэж байна. Зарим хүмүүсийн хувьд энэ хэрэг хэзээ ч хаагдахгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв бичээч