Японы хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар 57 настай Ооцүка Ичирог томилсноо зарлалаа. Манай шигшээ багийн дасгалжуулагчийг томилдог учир нь Японы хөлбөмбөгийн холбооны “Asia Contribution Project” төслийн хүрээнд япончууд манай дасгалжуулагчийг хариуцан ажиллаж байгаа юм.
Монголын шигшээ багийг удирдаж байсан япон мэргэжилтэн Шюүичи Масэ эрүүл мэнд буюу нүдний өвчний улмаас Японд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ажлаа өгсөн. Монголын талаас дахин япон мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул ийнхүү шинэ мэргэжилтэн ирэх боллоо. Шюүичи Масэ эмчилгээ хийлгэж байгаа тул Япондоо дасгалжуулагчаар ажиллах болсон бол шинэ дасгалжуулагч Ооцүка Ичиро 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл гэрээ байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )