Каори Ичё шигшээ багийн сэтгэл зүйг хариуцна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Японы чөлөөт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 19-нд хуралдаж, 2024 оны Парисын олимпын наадмын бэлтгэлийг хэлэлцлээ.

Хурлаар шигшээ багийн тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл хариуцсан туслах дасгалжуулагчаар олимпын 4 удаагийн аварга Каори Ичёг томилсноо зарлалаа. Каори Ичё Токио олимпын шигшээ багт багтаж чадаагүй. Одоо Японы Биеийн тамирын дээд сургуульд багшилж байгаа юм.

Холбооноос “Тамирчдыг тэмцээн, уралдаандаа төвлөрч, амжилттай барилдуулах, ялан дийлэх итгэл олгох нь Каоригийн үүрэг. Барилдааны өмнө тамирчдад янз бүрийн эргэлзээ, итгэл алдах явдал гардаг. Каори Ичё олон удаа олимпод оролцсон хүн, энэ бүхнийг засч залруулан, зөвлөгөө өгнө. Барилдаан, мэх, техник ч зааж өгч чадна. Бид 11 дүгээр сард шигшээ багт ажиллах урилга явуулсан. Каори нэлээд эргэлзсэн байх. Өчигдөр л зөвшөөрсөн хариу өглөө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Японы эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн баг Токио олимпод 5 алтан медаль авсан. Парист энэ амжилтаа давуулан биелүүлэх зорилготой гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.195.95) 2021 оны 12 сарын 22

Өнгөрдөг олипод барилдсан бол алт авах л байсан

0  |  0
Top