Чөлөөт бөх: Японы вундеркинд охин 86 дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээн болж, 53 кг-ын жинд Акари Фүжинами түрүүллээ.

Акари 11 дүгээр сарын 11-нд 18 нас хүрсэн бөгөөд сарын өмнө Ослод насанд хүрэгчдийн ДАШТ-ий 53 кг-д түрүүлсэн юм. Түрүүлэхдээ илт давуу барилдаж, бүх өрсөлдөгчөө цэвэр ялахдаа 4 барилдаанаа 41:0 оноогоор дуусгасан билээ.

Улсын аваргын тэмцээнд түрүүлснээр Фүжинами 2017 оноос эхэлсэн ялагдаагүй цувралаа 86 ялалт болгон үргэлжлүүллээ. 2017 онд дунд сургуулийн улсын аваргын тэмцээний 44 кг-ын жингийн финалд ялагдсанаасаа хойш гадаад, дотоодын 16 тэмцээнд түрүүлсэн.   

Эзэн хааны цомын тэмцээнд Токио олимпын аваргууд оролцоогүй. Акаригийн дотоодын гол өрсөлдөгч нь олимпын аварга, дэлхийн хошой аварга Маю Мүкаида.

Акари тэмцээний дараа сэтгүүлчдэд “Би Мүкаидатай нэг ч барилдаж үзээгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт таарах болно. Ялна гэдэгтээ би итгэлтэй байна” гэж ярьсан байна.

Фүжинами, Мүкайда хоёр хавар болох Цомын тэмцээнд таарч, 2022 оны дэлхийн аваргын шигшээд багтахын төлөө өрсөлдөх магадлал өндөр байна. Харин Фүжинами Азийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top