Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 20-нд 2022 оны тэмцээн уралдааны хуваарьт гарсан өөрчлөлтөө танилцууллаа.
Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд манай нийслэл Улаанбаатарт явагдах болсон.
Долоодугаар сарын 2-10-нд 20 болон 15 насны Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдах ч хүлээн авах улс одоогоор гараагүй байна.
Зургаадугаар сард зохиогдох төлөвлөгөөтэй 17 болон 23 насны Азийн аваргын тэмцээнийг хамтатгаад Саудын Арабын Рияд хотод хийх бололтой. Яг тодорхой болоогүй ч зургаадугаар сарын 19-26 гэсэн тов гарчээ. Гэхдээ Саудын Араб бол шашны улмаас эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглодог орон. Эмэгтэйчүүдийг олон нийтийн газар биеэ ил гаргалгүй, далдалж явахыг шаарддаг тул эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнийг хэрхэн явуулах нь тодорхой бус. Энэ жил мэргэжлийн бөхийн WWE холбоо Саудын Арабт тэмцээн зохион байгуулахад эмэгтэй тамирчид нь нүүрнээс бусад хэсгээ тагласан хувцастай тулалдаж байсан юм.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй чөлөөт, сонгомол барилдааны ДАШТ-ийг хамтад нь зохион байгуулах бодлого барьж байгаа. Иран улс эрэгтэй чөлөөт, сонгомолын дэлхийн аваргын тэмцээнийг авах хүсэлт гаргасан ч эмэгтэй чөлөөтийг хийхгүй гэсэн тул хүсэлтийг нь хүлээн аваагүй. Энэ удаад Саудын Араб яаж тэмцээн зохион байгуулах нь сонирхол татаж байна. Зохион байгуулагч орон солигдож ч магадгүй байдал үүсээд байна. Риядад зургаадугаар сард 40 хэмээс давсан халуун байдаг нь ч нөлөөлөх болов уу.
Сэтгэгдэл ( 0 )