Шиманоүми Изүцү оякатагийн охинтой гэрлэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Мэргэжлийн сүмогийн маэгашира Шиманоүми анхны Изицү ояката асны охин Фүкүзоно Саяакатай сүй тавьснаа зарлалаа. Хос залуус өнөөдөр (2021.12.22) Кисэ дэвжээнд хэвлэлийн хурал хийлгэсэн юм.  

Шиманоүми - Миэ мужийн Шима хотын уугуул. Асашёорюү, Асасэкирюү нарын сурч байсан Мэйтокү ахлах сургуулийг дүүргээд Киндай их сургуульд элссэн. Гуравдугаар дамжаанд сурч байхдаа Японы оюутны аваргын тэмцээний багийн барилдаанд түрүүлж байсан. 2012 онд мэргэжилд шилжиж, 2019 онд дээд зиндаанд дэвшсэн. 32 настай. 179 см өндөр, 152 кг жинтэй.

Фүкүзоно Саяака – Токио хотод төрсөн. Такарацүка алдарт театрт жүжигчин, бүжигчнээр ажиллаж байсан. 34 настай.
 

Саяакагийн аав, ёкозүна Какүрюүгийн багш Изүцү ояката 2019 оны есдүгээр сарын 16-нд зуурдаар нас барсан. Тус дэвжээнд туслах ояката байхгүй тул Изүцү дэвжээ хаагдаж, Какүрюү тэргүүтэй бөхчүүд нь Мичинокү дэвжээнд шилжсэн билээ. Одоогийн байдлаар Изүцү оякатагийн лиценз буюу эрхийг бэлэвсэн эхнэр нь эзэмшиж байгаа. Уг нь Изүцү дэвжээг тус дэвжээнээс төрсөн ёкозүна болох Какүрюү үе залгамжлан авбал хамгийн зохистой ч Шиманоүми оякатагийн охинтой гэрлэснээр тус дэвжээг эзэмших магадлал өндөр болоод ирлээ. Гэхдээ холбооны дүрмэнд дэвжээ эзэмшсэн ояката болохын тулд ёкозүна, озэки цолтой байсан бөхөөс гадна санякүд 25 башё, дээд зиндаанд 60 башё барилдсан байх ёстой. Шиманоүми дээд зиндаанд 15-хан башё барилдсан тул 60 башё барилдахын тулд дахиад 7 жил хагас доош уналгүй барилдах шаардлагатай. Бүтэхгүй зүйл гэдэг нь тодорхой.

Харин Изүцү оякатагийн охинтой гэрлэснээр оякатагийн ар гэр болж байгаа тул холбооноос тусгайлан авч үзэн, зөвшөөрөл өгч болох юм. Өмнө нь жюүрёод барилдаж байгаад зодог тайлсан Канэчика Миягино оякатагийн охинтой гэрлэж, дэвжээг нь өв залгамжлан авч байсан жишээ бий.

Одоогийн байдлаар Какүрюү өөрийн нэрээр Мичинокү дэвжээнд туслах ояката хийж байна. Ёкозүна цолтон зодог тайлаад 5 жил нэрээрээ холбоонд үлдэх эрхтэй байдаг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(202.126.90.50) 2021 оны 12 сарын 26

Хэн нь хэнтэйгээ гэрлэх нь бидэнд ямар хамаа байна аа

2  |  0
fb(64.119.26.71) 2021 оны 12 сарын 26

haanaas unshchlaa unuudur

2  |  0
Top