Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан япон мэргэжилтэн Масэ Шюүичи “Токио шимбүн” сонинд ярилцлага өгчээ.
Энэ жилийн дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл богинохон хугацаанд ажилласан ч “Монгол тамирчдын ур чадвар маш их өссөн” гэж хэлээд Монгол тамирчдын авьяас чадварыг харахад цаашдаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ.
Монголд очоод хийсэн анхны хурал дээр тамирчдаас “Монголын онцлог юу вэ” гэж асуухад “Бид шинэ зүйлийг маш хурдан сурдаг” гэж хариулсан гэнэ. Масэ Шюүичи “Би энэ хариултыг сонсоод хөлбөмбөгт яг тохирох чанар байна гэж бодсон. Үнэхээр ч монголчууд жирийн зүйлийг энгийнээр тайлбарлахад тун хурдан эзэмшдэг, ойлгодог” гэж ярьж байна.
Монголын шигшээ ДАШТ-ий Азийн хэсгийн хоёрдугаар шатанд анх удаагаа шалгарсан ч Масэг ажилд орохын яг өмнөхөн Японд 0:14 ялагдсан билээ. Масэ дасгалжуулагч болоод анхны заасан зүйл “Талбайн урд хэсэгт прессинг хийж, бөмбөг булаах” байжээ.
“Монголчуудын давуу талыг гаргасан татктикаар тоглохыг хүссэн. Мэргэжлийн сүмод олон ёкозүна төрүүлсэн орон тул бие бялдрын хөгжил сайн байх нь гарцаагүй гэж бодсон. Тоглогчид маань ч ихэд сонирхон хүлээж авсан”
Зургаадугаар сард болсон Азийн хэсгийн хоёрдугаар шатны тэмцээнд Киргизтэй хийсэн тоглолтод тэр багаа анх удаа талбайд удирдсан юм. Чансаа өндөр өрсөлдөгчөө 1:0 хожлоо. Залуучуудын шигшээ багийг ч удирдаж байсан тул аравдугаар сард U-23 Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 3 тоглолт хүлээж байсан ч гэнэт гай зовлон тохиолдох нь тэр. Нүдний өвчин. Цугларалтад гараад байсан багаа орхиж, Японд эмчлүүлэхээс өөр арга байсангүй. Гэхдээ алсаас ч багаа удирдсаар байв. Таиланд, Малайз, Лаостой хийсэн 3 тоглолтыг Японоос онлайнаар удирдсан тул асуудал гарсангүй. 1 ялж, 3 ялагдсан ч тамирчид нь Масэ багшийнхаа заавраар тоглож, гоол ч оруулсан байна.
Одоогийн байдлаар Масэгийн нүд эдгэрч, ажил хийж чадах болсон ч “Дараа нь бас асуудал гарвал монголчуудад түвэг учруулна” гээд ажлаа өгөхөөр шийджээ.
Эцэст нь тэрээр “Монгол тамирчдад дасгал сургуулиа ойлгуулан зааж байх явцдаа би өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарсан. Заах арга барил, харилцаа өөр болсон. Монголчуудын ачаар би ч өсөн дэвшлээ. Цаашдаа үүрд Монголын шигшээ багийг дэмжиж байх болно” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
bayrlaa
ХӨЛБӨМБӨГ ЦУС ойртолтоос АНГИЖИРЧ биеийн хөгжил таарах залуусыг Уйгагүй хайж бүрдүүл