Нууцаар казинодсон 2 сүмоч барилдах эрхээ хасууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Японы сүмо бөхийн холбооноос Кисэ дэвжээний дээд зиндааны бөх Хидэноүми, жюүрёогийн Шидэн нар мөрийтэй тоглосон хэргээр ирэх нэгдүгээр сарын тэмцээнд барилдах эрхээ хасууллаа” гэж мэдэгдлээ. Кисэ ояката өөрөө шавь нараа барилдуулахгүй шийдвэр гаргасан бөгөөд Сүмо бөхийн холбооноос хэргийг шалгаж эхэлжээ.

Холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма “Бидэнд хэргийн талаар тодорхой мэдээлэл алга. Яг ямар мөрий, бооцоо болохыг ч одоохондоо мэдээгүй байна. Шалгаж эхэлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Зарим хэвлэлд гарснаар тэд Сайтама дахь нууц казинод орсон бололтой. Хэрэв үнэн бол Японд казино хууль ёсоор зөвшөөрөгдөөгүй тул хууль зөрчсөн хэрэг болох юм. Хоёулахнаа байсан уу, өөр сүмо бөхчүүд бас ордог байсан уу гэдгийг холбооноос шалгаж байна. Ямар ч гэсэн өөр дэвжээний бөхчүүд байнга үйлчлүүлдэг байсан гэсэн мэдээлэл шар хэвлэлээр гараад эхэлжээ.

2010 онд Сүмогийн ертөнцөд бейсболын тоглолтод бооцоо тавьсан хэрэг илрэхэд озэки Котомицүки тэргүүтэй хэд хэдэн бөх, ояката шийтгэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top