Тэрүнофүжи: 2022 онд түрүүлсэн тоогоо 10 болгох зорилготой

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сарын 9-нд Токиод эхлэх Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг зарлалаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи онлайн хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 


-Өнөөдөр шинэ банцүкэ гарлаа. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Тэмцээн эхлэх ойртож байна даа гэсэн бодол төрж байна.

-Нэгдүгээр сарын тэмцээний талаар?

-Би бүх тэмцээнд л адилхан зорилго, хүсэлтэй оролцдог болохоор яг Нэгдүгээр сарын тэмцээн гэсэн бодол алга.

-Өнгөрсөн жилийн өдийд та сэкивакэ цолтой байжээ.

-Өдөр болгон хөлсөө асгаруулан, бэлтгэл хийсний үр дүн гарсан гэж боддог. Сэтгэл зүйн хувьд бол өөрчлөгдсөн зүйл байхгүй.

-Кюүшюү башёд өвдөг шороодолгүй түрүүлсэн.

-Нэгдүгээр сарын тэмцээнд энэ эрчээрээ барилдах хүсэлтэй байгаа. Кюүшвүд жилийн сүүлийн тэмцээн болохоор сайн барилдаж, оноо дуусгах зорилготой барилдсан. Яг юу нь сайн байсан гэхийн оронд энэ олон жил хийж ирсэн зүйлийн ач тус гэж боддог.

-Таны хувьд төгс барилдаан гэвэл?

-Би анхнаасаа л баруун золгож барилддаг. Зүүн урд мавашины барьц аваад баруун сугадаж, лав барьц авах нь миний хувьд төгс барилдаан гэж бодож ирсэн ч хүссэнээр болдоггүй байлаа. Харин одоо л нэг юм чадаж эхэлж байгаа. Мавашины барьц аваагүй ч урагш дайрья гэж бодсон ч хүссэнээр болохгүй юм. Хүссэнээр болдог бол ч бүгд л чадна. Ер нь бол олон жилийн бэлтгэлийн үр дүн гарч байна гэж боддог. Шинэ бөх байхдаа л том биеэ ашиглан, эхлэж мөргүүлэн, түлхүүлсэн ч урагш довтлох сон гэж боддог байлаа. Харин одоо бага багаар ч гэсэн чаддаг болж байгаа юм уу даа гэж боддог болсон.

-Ёкозүнагийн хувьд юу бодож байв?

-Үүрэг хариуцлагаа биелүүлэх гэдэг утгаараа ч сайхан барилдахгүй бол болохгүй. Ингэж л бодож байлаа.

-Ирэх жилийн зорилго?

-Энэ жилийн эрч хүчээ ирэх жил алдахгүйг хичээнэ. Тэмцээн болгонд, өдөр бүр алдаа гаргахгүй барилдах хүсэлтэй. Том зорилго тавьж байгаа. Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхээр зүтгэнэ.

-Түрүүлвэл шинэ ёкозүна гурван башё дараалан түрүүлсэн хэрэг болно.

-Чадах бүхнээ хийж, хичээн зүтгэвэл үр дүн өөрөө хүрээд ирнэ.

-Түрүүлсэн тоогоо 10 хүргэх зорилго тавьсан учир шалтгаан?

-Том зорилго тавьж байж, хичээн зүтгэх эрч хүч асна. Би жил бүр л өмнөө зорилго тавьдаг.

-Өвдөг шороодолгүй түрүүлэх хэцүү юу?

-100 метрт гүйхийн хэцүүг мэдэх үү? Яг л тэрэн шиг. Барилдааны өдөр хамаг хүч чадлаа гаргаж, сайн барилдахаас өөр зүйл боддоггүй. Яг л энэ хэвээрээ барилдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uwgun Ard(193.170.51.67) 2021 оны 12 сарын 25

Amjiltiin deediig hvsen eruue Mongol hvv mini.

1  |  0
Top