Зүүн Азийн наадмын хөтөлбөрт багтсан Спорт холбоодын төлөөлөлтэй уулзав

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 25

2023 онд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно. Тус наадмын хөтөлбөрт багтсан 12 спорт холбоодын төлөөлөл өнөөдөр Зохион байгуулах хороотой уулзалт хийлээ.

МҮОХ-ны байранд танхим болон цахим хэлбэрээр болсон энэхүү уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга И.Баатархүү, ЗБХ-ны гишүүн Ц.Бат-Энх нар оролцов.

Спорт холбоодоос таеквондо, чөлөөт бөх, жүдо бөх, волейболын төлөөлөл цахимаар, хөнгөн атлетик, бадминтон, усанд сэлэлт, бокс, хөлбөмбөг, электрон спорт, ширээний теннисний холбооны төлөөлөл танхимаар хуралд оролцлоо.

Наадмын үеэр явагдах тэмцээн уралдааны зохион байгуулалтын гол ажлыг спорт холбоод нугална. Тиймээс спорт холбоодыг бэлтгэлээ эртнээс базааж, ажил гардан хариуцах хүмүүсээ томилж, техник, төхөөрөмжөө нягталж, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаа нэгдсэн байдлаар танилцуулахыг ЗБХ-ноос сануулав.

Залуучуудын наадамд 18 хүртэлх насны тамирчид оролцох учир ирэх оноос залуу тамирчдад чиглэсэн тэмцээн уралдаан олныг зохиож, тэндээс баг тамирчдаа сонгон шалгаруулахаар төлөвлөж байгааг БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр хэллээ. Түүнчлэн Зохион байгуулах хороо болон спорт холбоодын төлөөлөл ойрын үед дахин хуралдаж, асуудлаа нарийвчлан хэлэлцэхээр тохиров.

Зүүн Азийн залуучуудын наадам спортын 12 төрлөөр зохиогдож, тус бүс нутгийн есөн орны 1500 гаруй тамирчин өрсөлдөх билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top