Энэ сарын 26-нд Токио хотын Кодоканд Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн үнэмлэхүй жингийн тэмцээн боллоо. Нийт 45 бөх хүч сорин өрсөлдөж, финалд Хёога Оота, Рюүносүкэ Хага нар шалгаран үлдсэн. Өнгөрсөн жил мөн л энэ хоёр финалд шалгарч хашир туршлагатай Хага ялж байв.
Нэмэлт цагт Оота косото гари мэхээр вазари авснаар анх удаагаа Японы аварга боллоо.
Шинэ аварга тэмцээний дараа “Ойрын зорилго ирэх оны дөрөвдүгээр сард болох улсын аваргын тэмцээнд түрүүлэх. Цаашдаа шигшээ багт орж, Парисын олимпод түрүүлэх зорилготой” гэж ярилаа.
Шигшээ багийн дасгалжуулагч Кэйжи Сүзүки “Оотаг дунд сургуульд байхаас нь ажиглаж байгаа. Улам сайжирсан байна. Сүүлийн гурван олимпод амжилтгүй барилдаж байгаа хүнд жинд шинэ хүч орж ирвэл сайн байна” гэж итгэл найдвар хүлээлгэсэн байна. Үнэмлэхүй жингийн тэмцээнд оролцоно гэж байсан Шёохэй Оно, Такэши Сасаки нар барилдсангүй.
Сэтгэгдэл ( 0 )