Казахстаны спорт бөхийн холбоонд сүүлийн үед эрх мэдэл булаацалдсан явдал их гарч байгаа. Сүүлийн хэдэн сард тус холбоонд гурван удаа удирдлага нь солигдоод байгаа юм.
2021 онд амжилт муутай байсан тул долоон жил удирдсан холбооны ерөнхийлөгч Сауат Мынбаев ажлаа өгсөн билээ. Түүний оронд дэд ерөнхийлөгч Ерлан Кожасбайг сонгосон ч Ерлан өрсөлдөгчдөө зайлуулах гэж хамаг цагаа үрсэн. Үлдсэн дэд ерөнхийлөгч болох Даулет Турлыханов, Гюзель Манюров, Сакен Мусайбеков, Данияр Абулгазин нарыг тэр албан тушаалаас нь буулгасан. Ерлан Кожасбай 2001-2005 онд бөхийн холбоог тэргүүлж байжээ. Харин энэ удаад албан тушаалдаа нэг сар ч тэссэнгүй. Муж, хотын Спорт бөхийн холбооны тэргүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, Казахстаны Спорт яам, ҮОХ-ны тэргүүн нарт гомдол гаргаж, сонгууль шударга бус явагдсаныг мэдэгдсэн юм. Ингээд дахин сонгууль хийх боллоо. Кожасбай энэ удаад нэрээ дэвшүүлэхээс татгалзаж, дэд ерөнхийлөгч асан Даулет Болатович Турлыхановыг санал болгосныг бүгд дэмжжээ.
Даулет Турлыханов ЗХУ-ын Гавьяат тамирчин, Казахстаны Гавьяат дасгалжуулагч цолтой. 58 настай. Сонгомол барилдааны 1989 оны дэлхийн аварга, 1993 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга (1988), Азийн аварга (1995), Олимпын мөнгө (1988), хүрэл медальт, ЗХУ-ын 8 удаагийн аварга. Одоо UWW Asia буюу Азийн бөхийн холбооны тэргүүн.
Сэтгэгдэл ( 1 )
Бас л манайхны ажил хэрүүлдээ живсэн нөхөд байдаг бололтой, угаасаа бөх гээч юмны мөн чанар хаана ч адилхан доо