Ислам Байрамуков: Казахстан дахиж гаднаас бөх авахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Ислам Байрамуков бол Казахстаны алдарт бөх. Ислам чөлөөт бөхөөр 2000 оны олимпын мөнгөн медаль хүртсэн. Азийн аварга, Азийн наадмын медальтай. Зодог тайлснаасаа хойш Казахстаны спорт бөхийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаал хашиж байна. Түүнтэй YouTube сувгийн "Спорт министры" подкастын сэтгүүлч уулзан ярилцжээ.

-Казах бөхчүүд чөлөөт бөхөөр дэлхийн аварга бололгүй удлаа. Нутагтаа ДАШТ хийгээд ч нэмэр алга.

-2019 оны Нурсултаны дэлхийн аваргаас манайхан хоёр мөнгөн медаль авсан. Сэтгэл зүйн хувьд хэцүү байгаа нь ажиглагдсан. Манай бөхчүүд эцсээ хүртэл үзэлцдэг болмоор байгаа юм. Тэгж чадсан бол бид хоёр мөнгөнөөс илүү медаль авах байсан. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Олон уралдаан тэмцээн биднийг хүлээж байна. Сайн залуус гарч ирж байна. Найдвар байгаа. Ажиллаж байна. Харин би холбоонд ажилладаггүй болохоор ажлын чанарыг нь дүгнэж чадахгүй байна.

-Спорт холбоодыг том компанийн захирал, олигархиуд удирддаг явдалд та хэрхэн ханддаг вэ? Энэ нь зөв үү?

-ОХУ-д яг л энэ асуудал үүсэж байсан. Оросын агуу тамирчид ийм зүйлийн эсрэг хандсаны дараа Ерөнхийлөгч В.Путин холбоодын удирдлагаас олигархиудыг гаргасан. Одоо тэд спорт холбооны ивээн тэтгэгчээр л оролцож болно. Спортын төрлөө мэдэхгүй бизнес эрхлэгч холбооны толгойд гарахаараа ойр дотнын хүмүүсээ холбооны албан тушаалд тавиад эхэлдэг. Ер нь л хүссэн бүх зүйлээ хийдэг. Та түүнтэй уулзаж ч чадахгүй. Учир нь тэр дандаа л гадаадад байдаг.

-Шашин шүтлэг бөхчүүдэд хэрхэн нөлөөлдөг бол? Ард түмэн дунд хууз сахалтай бөхчүүд (ислам шашинтай уулынхныг хэлжээ) дасгалжуулагч багшийнхаа үгийг сонсдоггүй, бүгд өөрийн дасгалжуулагчтай гэсэн яриа байдаг.  

-Дагестаны олон олимпын аварга өдөрт таван удаа мөргөл үйлддэг. Энэ нь тэднийг барилдахад саад болдоггүй. Харин ч байнга залбирдаг хүн бол сахилга баттай, архи дарс хэрэглэдэггүй, ажлаа цагт нь хийдэг, хэнд ч муу юм хүсдэггүй хүмүүс байдаг.

-Сүүлийн үед Киргиз бөхчүүд маш сайн байна. Яагаад?

-Үнэхээр сайн байгаа. Казах бөхчүүд медаль авдаг байх үед Киргизэд чөлөөт бөх огт хөгжөөгүй байлаа. Тэд маш их ажилласан, энэ ажлынх нь үр шим одоо гарч ирж байгаа юм. Бид тэдэн шиг хичээж зүтгэх юм бол олимп, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож чадна.

-Шигшээ багт гадаад бөх авах хэрэг байна уу?

-Байхгүй. Одоо манайд сайн казах бөх олон байна. Гадаад легионерт орж ирэх зай байхгүй. Харин манай бөхчүүд бэлтгэлээ сайн хийх л хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top